Жүдочид олимпийн эрхээ авахаар Парис хотыг зорилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Парис хотноо энэ сард болох жүдо бөхийн ДАШТ-д хүч үзэх Монголын жүдочид эрэгтэй долоон жинд 14, эмэгтэй зургаан жинд ес, нийт 23 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт наймдугаар сарын 14-нд буюу өчигдөр  эх орноосоо мордлоо.

Өнгөрсөн жилээс ДАШТ-д оролцож байгаа багууд нэг жинд хоёр тамирчнаа сойх боломжтой болж 2010 оны тус тэмцээнд Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд энэ удаа ч манай жүдочид бараг жин болгонд хоёр тамирчинтай Парисыг зорьж байгаа юм.

2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 23-28-нд болно. Тэмцээн 23-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, 27-нд хүнд жингийн барилдаан болсноор аваргуудаа тодруулах бол 28-нд багийн тэмцээн болно. Багийн ДАШТ-ий дүрмийн дагуу эрэгтэй 66, 73, 81, -90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, -70, +70 кг гэсэн таван жинд тамирчид халз барилдаж, нийлбэр дүнгээр ялагчаа тодруулна.

Энэ удаагийн Дэлхийн татамид хүч үзэх Монголын тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар, Д.Нармандах, П.Нямлхагва, Д.Баттулга нар тамирчдаа дасгалжуулж явах юм.

ДАШТ-д оролцох Монголын жүдочид: Эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, 90 кг-д Э.Энхбат, Б.Жанчивдорж, -100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн+100 кг: Б.Төгөлдөр, Н.Батсуурь нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, Б.Солонго, 57 кг-д Т.Баттөгс, Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -78 кг: П.Лхамдэгд, +78 кг: Д.Цэрэнханд барилдана.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top