Лондонгийн олимпод оролцох тамирчдаа дэмжих хандивын аян өрнүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19


 

“Лондон-2012” олимпын наадам эхлэхэд 344 хоног үлдээд байна. Тиймээс энэ богино хугацааг амжилттай төлөвлөж, олимпын наадамд оролцох баг тамирчдаа дэмжих, тэднийг өндөр амжилт үзүүлэх нөхцөл бололцоогоор хангахын төлөө эрчтэй ажиллах хэрэгтэйг  Монгол Улсын Шадар сайд, “Олимп хөгжил сан”-гийн удирдах зөвлөлийн дарга М.Энхболд үүрэг болголоо. Тус сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг саяхан шинэчлэн баталсан бөгөөд анхны хурал нь өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус хурлаар “Олимп хөгжил сан”-гийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын төлөвлөгөө, сангийн нэрэмжит цом аялуулах ажлын удирдамжийг баталлаа. Энэ оны 10 дугаар сарын 20-нд эхэлж, гурван сарын турш үргэлжлэх энэхүү аян нь биеийн тамир, спортын арга хэмжээнд олон түмнийг хамруулах, “Лондон 2012” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангах ажилд бүх нийтийн анхаарлыг чиглүүлж, “Олимп хөгжил сан”-д хөрөнгө хуримтлуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой юм. Аяны цомыг аймаг, нийслэл, дүүрэг түүний харьяа сум хороо, үйлдвэр, сургууль, эмнэлэг, аж ахуйн нэгж байгууллага, Биеийн тамир спортын газар, спортын хороо, клуб болон тухайн байгууллагын захиргаатай хамтран зохион нэг байгууллагад долоо хоногийн хугацаатай аялуулж, дараагийн байгууллагад шилжүүлэх юм байна. Хандивыг  ХААН банкин дахь 531067065 тоот дансанд шилжүүлэх юм.

Монгол Улсын Шадар сайд, “Олимп хөгжил сан”-гийн удирдах зөвлөлийн дарга М.Энхболд хурлын үеэр “Олимп хөгжил сан”-гийн аяныг амжилттай зохион байгуулж, хандив өргөсөн, онцгой идэвх зүтгэл гаргасан байгууллага, хүмүүсийн хандивыг авчихаад мартчихдаг байж болохгүй. Ийм хүмүүсээ сангийн “Хүндэт өргөмжлөл” бусад зүйлээр урамшуулан шагнаж, хэвлэл мэдээллээр олон түмэнд сурталчлах хэрэгтэйг анхааруулаад хандивыг татвараас чөлөөлж байх боломж байгаа эсэхийг судлахыг тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогтод даалгалаа.

Өнөөдрийн байдлаар манай улс “Лондон-2012” олимпын наадамд оролцох дөрвөн эрх аваад байгаа. Ийм эрх авах тэмцээнүүд энэ оны дөрөв болоод ирэх оны эхний улиралд олон болно. Тиймээс эдгээр тэмцээнд тамирчдаа оролцуулах, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд шаардагдах санхүүгийн зардалд хөрөнгө хүч гаргах учиртай гэдгийг Шадар сайд онцоллоо. “Бээжин-2008” олимпод манай тамирчид ард түмнийхээ олон жил хүлээсэн Олимпын алтан медалийг авчирсан. Ийм өндөр амжилтын дараах олимпод өмнөхөө бататгах, илүү өндөр амжилт үзүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллах ёстой гэж тэрбээр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top