Бөхчүүдийн маань толгойд бас бөөн өт яралзаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20


 

Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг. Өнөөгийн монголын нийгэм яг загас шиг болжээ. Толгойн хэсэг буюу дээрээ өтөж, ялзарч байна. Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Ард түмэн төрөө дээдлэх ёстой. Тиймээс юм л бол төр засгийнхан руугаа хандаж, хамаагүй шүүмжлээд байж болохгүй” гэж билээ. Энэ нь төрийн толгойд гарсан увайгүй авлигачдыг “Та нар авлигаар төрийн ажил залгуулахаа болиоч дээ” гэсэн иргэдийнхээ үгийг үл тоосон хэрэг байв. Зах зээлийн харилцаатай хамт монголд ноёлсон гол аюул нь төрийн томчуудын авлига, албан тушаалын хэрэг байсан, одоо байсаар байна. Ийм үзэгдлийг дагаад нийгэмд хавтгайрсан авлига нүүрлэсээр. Ашиг хонжооны төлөө яахаас ч буцахгүй шинэ үеийнхэн бойжиж байна. Тэдний тунд хүн ёсны наад захын жудаг, сайн төлөв хандлагатай хэсэг бас бий. Гэхдээ л хэтэрхий ёс зүйгүй нь давамгайлах болжээ.

            Бөхчүүдийн талаар ярих гээд ийнхүү жаахан дээрээс, холоос эхэлчихлээ. Монголчууд бөхчүүддээ хайртай. Тэд нараараа бахархдаг. Харамсалтай нь дээр өгүүлсэн төрийн томчуудаасаа эхлэн загас шиг өтөж буй нийгэм дунд тэд нар маань ч бас өмхийрч байна. Өмхийрөл, ялзралын жишээ их олон. Сумогийн их аварга Дагвадоржийн муухай ааш араншин дийлдэхээ больж байна. Тэр сав л хийвэл зодоон цохионтой хутгалдах ажээ. Япон оронд олон жил амьдарсан гэхэд итгэмээргүй. Япончууд ёс жаяг өндөртэй. Бусдыг хүндлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, дэлхийн соёлын үнэт зүйлсийг дээдлэх нь тэдний хамгийн эрхэм үйл хэрэг болдог. Дагвадорж энэ бүхнээс өөртөө сайн сайхныг наалдуулж чадаагүй бололтой. Монгол бөхчүүдийнхээ эртний сайхан уламжлалт зан чанарыг хүндэлдэггүй нь түүний монголдоо ирээд биеэ авч яваа олиггүй байдлаас тод харагдана. Хажууд нь харин манай Б.Бат-Эрдэнэ аваргаас жинхэнэ монгол эр хүний нүнжигтэй өнгө, үнэр ханхална. Нэгэнт өндөр авсан нэр хүндийг тэр даасан шиг даагаад аваад явж байгаа нь даанч урамтай. Түүний үлгэр дууриаллаар залуу бөхчүүд маань замнах болов уу гэтэл зарим нь үгүй юм аа. Сумогийн их аваргаас авахуулаад хүнээ байж буй бөхчүүд цөөнгүй боллоо.

Начны найраа нь ч тэднийг улам эвдэж байгаа бололтой. Энэ жилийн наадмаар улсын начин цолонд хүрэх шаанс 100 сая төгрөг хол давсан гэнэ. Аймгуудын наадам өөр өөрийн гэсэн эрэмбэтэй. Аймгийн начин болох үнэ ханш 50 сая болж өслөө. Залуу бөхчүүдээс Санчир, Заяамандах зэрэг найрааны наймаанд нэр хавчуулагдсан хүн  олширчээ. Хэн, хэдэн төгрөгөөр, ямар цолонд хүрсэн тухай ам дамжсан яриа сүүлдээ тухайн наадам, барилдааны талаархи хамгийн сонирхууштай сэдэв болж, хүүхэд хөгшидгүй бахдалтайгаар хүүрнэлдэх болов. Даян аварга А.Сүхбатаас эхлээд “Цолны найрааны мөнгө чинь авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм шүү дээ” гэж мэргэжлийн хуульч хүний царай гарган өөгшүүлэх янзтай. Түүхт тэгш ойнууд давхацсан энэ жилийн наадмуудаас найрааны ийм “зарчим”-аар шинэ цол авсан бөхчүүдийн бай шагнал ч талийж өгөв. Өвөрхангайд “Макс” группын бөх улсын начин Б.Сангисүрэн шинэхэн Ланд”-аар мялаалгасан бол Говь-Алтайд начин С.Багахүү хоёр өрөө байртай болов. Энэ мэтээр зөндөө олон цолтонгууд үнэтэй машин, байрны түлхүүр гардан авчээ. Монголчуудын 38 хувь нь нэн ядуу амьдарч байна. Тэд эдгээр мөнгөнд бялуурагчдыг хараад эгдүүцэж л байгаа байх. Зарим нь өөрсдийгөө доромжлуулж байна гэж бодож байж магадгүй.  

Ийнхүү  монгол наадам олширч, найрааны ханш өссөн энэ цагт залуу бөхчүүд өнгө мөнгөнд халуурч, гэмт хэргийн тоог өсгөлцөх үүрэг хүлээсэн мэт өчүүхэн амьтад болов. Ц.Улаанхүү начин хар тамхины хэрэгт холбогдоод ял сонсох гэж байна. Үүнтэй уралдан “нохой” зодоонч Б.Одхүү начин Олон улсын хэмжээний мастер, боксчин Эрдэнэбатыг зодож золтой л алчихсангүй. Түүнийг цагдаагийнхан эрж хайж буй энэ үеэр улсын наадмаар өндөр цол хүртсэн бөхчүүд допинг хэрэглэсэн байж болзошгүй гэх шуугиан дэгдээд явчихлаа. Допингийн шинжилгээг манайх Солонгос улсад хийлгэдэг болоод 10 гаруй жил өнгөрч байна. Бараг жил бүрийн наадмын дараа иймэрхүү яриа гардаг. Өсөхөө, Сүхбат зэрэг аваргууд үүнд нэр холбогдож л байсан. Гэвч тэгсхийгээд чимээгүй болсон. Энэ удаа найман бөхийн допингийн шинжилгээ но-той гарсан бололтой. Допингийн шинжилгээний асуудал хариуцсан албан тушаалтнууд нь ийм муу мэдээг Солонгосоос хариу нь ирсэнээс хойш 20-иод хоногийн дараа дуулгаж байна. Ингэхдээ тэд урьдын адил тэдгээр сэжиг бүхий бөхчүүдээ нэрлэсэнгүй. Нэр хүндийг нь сэвтэйхгүй гэж хичээж байгаа юм байлгүй дээ.

Төрийн толгой өтсөн шиг бөхчүүдийн маань нь ч толгойд бөөн өт ийнхүү язганаж буй ажээ. Загас шиг толгойноосоо эхлээд өтсөн өнөө цагийн төр, түмний минь аяг араншин нэг ийм л болчихоод байна даа.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top