Шинэ харцага Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр нар допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 22

Ховд  аймгийн Мянгад сумын харьяат, Төмөр замын Цагдаагийн хэлтэс, “Гарьд зам” компанийн бөх, Монгол Улсын харцага Г.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Монгол Улсын начин Ч.Цогбаяр нарын допингийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Солонгосоос ирсэн шинжилгээний А сорьцын хариуг ихэд нууцалж буй нь хууль дүрмээ дагаж байна гэх боловч ийнхүү нуусаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй, тухайн бөхчүүд ердөө л нэг багахан хэмжээний эмчилгээ хийлгэсэн болж хувирдаг билээ. Энэ удаа допингийн шинжилгээний хариу нь эерэг гарсан харцага Г.Алтангэрэл Улсын баяр наадамд аймгийн арслан цолтой зодоглож, улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж начин, Д.Ганхуяг арслангаар зургаа давж харцага цол хүртэн, долоогийн даваанд Даян аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон юм. Түүнтэй холбогдон допингийн хариуны талаар тодруулахад, “Би огт сонсоогүй юм байна. Допингийн талаар юу ч мэдээгүй. Гурав, дөрөвдүгээр сард нуруундаа эмчилгээ хийлгэсэн. Шарлага энэ тэр гээд физик эмчилгээ байсан. Плакат тавьж, нуруунд тариа хийх гэдэг билүү дээ, тийм л юм болсон. Арай ч допинг болохоор зүйл байгаагүй байх аа. Надтай бөхийн салбар комиссоос ярьж, холбоо бариагүй л байна” гэсэн хариулт өгсөн. Харин Ч.Цогбаяр начинтай холбогдоход мөн л “Шинжилгээний хариу ирсэн тухай сонсоогүй. Ховддоо амарч байна. Мэдэх зүйл алга” гэсэн юм. Тэрбээр Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд нутгийн ах, улсын заан Ч.Батзоригоор тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн. Зургаагийн даваанд шинэ, залуу аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон. Юутай ч бидэнд олдсон мэдээллээр бол энэ жилийн допинг хэрэглэсэн гэгдэж буй хоёр бөх нэг аймгийнх байгаа нь тун ч хачирхалтай санагдсаныг нуух юун. Ховдынхон хоёр шинэ цолтондоо хүндэтгэл үзүүлж харцагатаа хоёр өрөө, начиндаа нэг өрөө орон сууцны түлхүүрийг нэг, нэг сая төгрөгтэй гардуулж байсан нь саяхан. Тэр бүү хэл, Ч.Цогбаярт дэслэгч цол ч олгож байсан. Өгсөн бэлэг сэлт нь ч өнгөрч, хамгийн гол нь төрийнхөө их баяр наадамд түмэн олныхоо өмнө уран мэхийг уралдуулан барилдсаны эцэст Монгол Улсын хэмээх эрхэм цолонд хүрлээ гэсэн нь яасан юм бол оо.

Нэгэнт ийм зүйл болчихоод байхад Баяр наадмыг зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооныхон хурлаа ч хийхгүй нэг л учир битүүлэг байгаа нь улам бүр олны анхаарлыг татах боллоо. Уг нь бол наадмын дараа долоо хоногтоо багтаж салбар хороо Бөхийн холбоотой хамтран наадмын барилдааны талаарх хурлаа хийх ёстой. Гэтэл энэ жил наадам дуусаад даруй сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад ийн өнөө хэр хуралдах байтугай, товоо ч гаргаагүй байгаа нь чухам юуны учир юм бол. Эсвэл допинг илрэхээр сүр дуулианыг нь намжааж байгаад сэм дардаг урьдын туршлагаа хэрэгжүүлэх гэж байв уу. Ямартай ч Солонгосоос ирсэн хариуг нууцалж буй нь тухайн бөхийг хаацайлж буй хэрэг гэлтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top