Монголчууд хилийн чанадад хар тамхи зөөвөрлөн цаазын ял сонсдог боллоо. Сүүлийн жилүүдэд хар тамхинд мансуурагчид ч олширов. Урлагийнханаас нэлээд хэдэн хүн нэр холбогдсон, бас ял ч эдэлсэн. Хөрөнгө чинээтэй баячуудын хүүхдүүд ч энэхүү хороор зугаацаж байлаа. Одоо Хятадад манай арваад иргэн хар тамхины хэргээр хоригдож байна. Мөн арав гаруй хүний хэрэг шалгагдаж байгаа. Ер нь монголчууд хар тамхи тээвэрчлэгчдийг сүлжээнд татагдан орох болжээ. Өмнөд, Зүүн өмнөд Ази, Оросын хамарсан сүлжээ бий. Хар тамхи мансууруулах бодис худалдаалах мафийн сүлжээнд Монгол Улс ийнхүү өртөж, цаашдаа манай дотоодод хар тамхины наймаа цэцэглэж аюулын харанга дэлдэж байна. Монгол бүсгүйчүүд гэдсэндээ мансууруулах төрлийн бодис тээвэрлэж Хятад, Индонез, Филиппин, Бангладешийг зорьсон баримт олон бий. Тэд мөрдөн байцаалтын явцад Зүүн өмнөд Азийн орнууд руу хэд хэдэн эмэгтэйг мансууруулах бодис зөөвөрлөхөд золиос болгосон талаараа мэдүүлсэн байдаг. Монголчуудын хувьд ноцтой гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж, санаатайгаар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт бүлэглэлд элсдэг явдал ч тасрахгүй байгаа ажээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 59.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-35 насныхан байна. Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Хамгийн гол нь бага хугацаанд их мөнгө олохоос илүү нэгэнт ийм төрлийн гэмт бүлэглэлд элссэн тохиолдолд эргэн гарах боломжгүй болдог байна. Тэдний эцсийн эрсдэл нь амь насаа алдахаас өөр юу байхгүй. Хятадын хуульд хар тамхитай холбогдсон гэмт этгээд эмэгтэй хүн байлаа гээд ямар нэгэн хөнгөлөлт байдаггүй. Харин манайд цаазаар авдаг шийтгэл байхгүй.
Саяхан улсын начин Ц.Улаанхүү хар тамхи тээвэрлэж яваад цагдаа нарт баривчлагдсан. Түүний анх авч явсан хар тамхи нь 43 граммаас савласан байлаа. Тэрбээр ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Телевизийн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа “Би энэ хэргийг огт хийгээгүй, ёстой мэдэхгүй. Би ийм нүгэлтэй хэрэг хийх хүн биш. Монголчууд маань намайг ойлгох байх” гэж байлаа. Харин цагдаагийнхан түүнийг Зүүн өмнөд Азийн аль нэг улс руу гаргах гэж байсан байж болзошгүй хэмээн шалгаад нотлох баримтуудаар баталгаажуулсан гэнэ. Ингээд Ц.Улаанхүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн шүүх хуралдаан болжээ. Шүүх хурлын шинэчилсэн байцаалтын үеэр ч түүний гэрчүүдийн мэдүүлгээр хэргийг нь нэг мөр нягталж тогтоосон байна. Гэрч Болдбаатар гэгч нь “Ц.Улаанхүү тэрхүү хар тамхиа надаар заруулах гэхээр нь би зараагүй” гэжээ. Мөн мөрдөн байцаалтын явцад Ц.Улаанхүүгийн гэрээс 523 грамм хар тамхи олсон байлаа. Ингээд шүүх хуралдаанаас түүнд 11 жилийн хорих ял оноож, ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Шүүх хуралдааны үеэр болон дараа нь ч Ц.Улаанхүү “Би ийм гэмт хэрэг хийгээгүй. Энэ бол гүтгэлэг” гэж байв. Гэсэн хэдий ч мөрдөн байцаагчийн нотлох баримт зэрэг нь түүнийг ийнхүү ял эдлэх гол нөхцөл болсон байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )