Л.Гантөмөр: Ардчилсан нам шийдвэртэй алхам хийх цаг нь болсон

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 29

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа. Сонирхолтой нь бидний яриа улс төрөөс нэлээд хол сэдвээс эхэлсэн юм.

-Уулзалгүй их удсан байна. Мартсанаас мал мэнд үү гэгчээр сайхан наадсан уу? Энэ жилийн наадам араасаа их олон сэдэв дагууллаа...

-Сайхан наадлаа. Морины уягаар очиж, бөхийн галаар зочилж, хүмүүсийн жишгээр л наадлаа. Харамсалтай нь, энэ жилийн наадмыг харж байхад бөхийн найраа гэдэг зүйл хэрээс хэтэрсэн байна. Ялангуяа аймгуудын наадмыг харж байхад улсын цолтой, ид өсч яваа сайхан залуучууд сумын цолтой бөхчүүдэд өнхрөөд өгөх юм. Энэ мөнгө авдаг, бууж өгдөг ёс бус асуудлыг цэглэхгүйгээр монгол төрийн наадам сайхан болохгүй нь ээ л гэж харж байлаа. Үүн дээр Монголын бөхийн холбоо санаачлага гаргаж ажиллахгүй бол даваа өгөө, аваа ил цагаан явж байна шүү дээ. Сэлэнгийн наадам, Ховдын наадам, улсын наадам ч ялгаагүй. Мэдээж бөхчүүд тогтмол орлогогүй юм шиг байгаа юм. Сүүлийн үед бөхчүүд бөхөөрөө мэргэшээд, дагнаад амьдарч эхэллээ. Тиймээс энэ хүмүүсээ яаж байнгын орлоготой болгох юм. Компаниуд, энд тэндэхийн байгууллагын нэр дээр барилдахаасаа илүү Бөхийн холбооноосоо цалин авдаг систем рүү орох хэрэгтэй юм шиг байна. Улсын цолтой бөхчүүдээ Бөхийн холбоо нь цалинжуулдаг больё, хэдэн төгрөгийн цалинтай байвал амьдралд нь хүрэх юм. Тэр орлогоо яаж сайхан барилдаанууд зохион байгуулж олох юм. Ийм тогтолцоо руу шилжих хэрэгтэй л дээ.

-Нээрээ заалны барилдаанууд хүртэл болохоо больчихсон юм байна шүү?


-Харин тийм. Тиймээс Бөхийн холбоо нь бөхчүүдээ цалинжуулдаг, даваа өгч авсан, найраа хийсэн ямар нэг сэжиг илэрвэл шууд цолыг нь хураадаг байх хэрэгтэй. Ийм тогтолцоо руу орохгүй бол монголчуудын хамгийн том баярыг үнэхээр сүйрүүлж, ард түмний том соёл, шинж төрх алдагдаж байна. Бараг арваад хоног үргэлжилдэг, монголчуудын хамгийн том баяр шүү дээ. Сайхан биерхүү залуучуудтай таарахад “Би ч гэсэн нэг улсын цол авчих л юм байна даа” гэж захын хүн ярьж байна. Гэтэл Монголын нийгэм өөрөө шал өөр, шударга, шинэлэг, чөлөөтэй хөрвөдөг, сэтгэдэг, хариуцлага тооцож чаддаг харилцааг хүсч байна. МБХ гэдэг маш том иргэний нийгмийн байгууллага. Энэ байгууллага өөрөө өөрийгөө авч явж, менежментээ хийж чаддаггүй, ийм ёс бус зүйлийг ард түмэнд харуулдаг байх юм бол иргэний нийгмийн байгууллагад итгэх итгэл дахиад алдарна. Энэ нь өөрөө ардчиллын ололтуудаас ухрах бас нэг том дохио өгч байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй нь. Манай компаниуд, нутгийн зөвлөлүүд ч гэсэн бөхийн найраанд оролцохоо болих хэрэгтэй, бөхийнхөө бэлтгэлд л санаа тавина уу гэхээс. Дэмжих нийгэмлэгүүд байгуулж болно шүү дээ. Түрүүлсэн Мөнхбат аваргыг дэмжих клуб байгуулаад, түүнд нь нутаг орных нь хүмүүс ороод явах бол байх асуудал. Бөхийн холбоо өөрөө шагналаа өгдөг, цолоо олгодог, дэмжих нийгэмлэгүүд нь тэр бөхөө цаашид яаж олон түмэнд таниулж, амжилтад хүргэх вэ, яаж залуу үеэ араасаа бэлтгэх вэ гэдэг дээр нь тусалдаг байхад болно шүү дээ. Гэтэл одоо бөхчүүдийг бэлтгэл хийлгэдэг газар нь нутгийн зөвлөл, түүн дээр нь нутгийн баахан бизнесмэнүүд очоод, “Нутгийнхаа бөхчүүдээс улсын цолтон төрүүлнэ” гээд мөнгө цаас бариад гүйлдэж байгаа нь үнэхээр харамсмаар.

-УИХ-ын гишүүд, улстөрчид ч гэсэн бөхөө дагаад дэрвэчихдэг болсон юм биш үү?

-Сүүлдээ улстөрчид нь цол авсан бөхчүүдээ дагуулж явдаг, бараг л “Би нутгаасаа улсын цолтон төрүүлчихлээ” шахуу юм ярьж явдаг буруу үлгэр дуурайллыг таслан зогсоохгүй бол монголчуудын хувьд маш хүнд цохилт амсч байна. Бөхчүүд яах вэ, найраа хийгээд, мөнгө цаас аваад, амьдрал ахуй нь тэгшрээд явдаг байх, тэдэнд алдах юм байхгүй. Яг ард түмэн бол үндэснийхээ соёлыг үзэн ядах хэмжээнд очиж байна шүү дээ. Гэтэл Японд яаж байна. Найраа хийсэн, яриа хэлцэл хийсэн байж магадгүй гэсэн сэжиг гаруут л Сумогийн холбоо нь шууд хөөж байна. Үндэсний ийм барилдаантай улс орон Япон, Монгол хоёр л байна. Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээх, соёлоо хадгалахын тулд Японы Сумогийн холбоо яаж ажиллаж байна гэдгийг манай Бөхийн холбоо судлах хэрэгтэй. Ер нь МБХ-ны Удирдах зөвлөлд нийгмийн гэгээлэг, оюунлаг хэсгээс оруулах хэрэгтэй. Тухайлбал, Б.Лхагвасүрэн гуайг ч юм уу.

-Бөхийн холбоонд уран зохиолч ямар хэрэгтэй юм?

-Зөвхөн бөхчүүд холбооныхоо ажлыг ярихаар шударга бус болоод, юмаа нуугаад байна шүү дээ. Яагаад гэвэл бүгдээрээ нэг нэг бөхтэй холбоотой учраас. Хөндлөнгийн, гэхдээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, монголчуудын хүндлэлийг хүлээсэн оюунлаг хүн тэнд орсноор бөхчүүдийн хуйвалдаан, ажлаа хийж чадахгүй байгаа байдлыг засч залруулахад чухал ач холбогдолтой юм билээ. Японы Сумогийн холбоонд байгаа тэр эрдэмтэд, зохиолчид, урлагийн том зүтгэлтнүүдийн үг нийгэмд шууд хүрдэг, тэр үгийг Сумогийн холбоо нь шууд хүлээж авдаг, ажил хэрэг болгодог юм байна лээ. Иймэрхүү байдлаар зохион байгуулалтаа бодохгүй бол болохгүй нь. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн бөхчүүдийн амьдрал, бөхийн ертөнц бас биш юм. Бөхийн холбоо гэдэг монголчуудын үндэс соёлоо хадгалах, үлгэр дуурайл болгох иргэний ниймийн том байгууллага. Үр дүн, тусгал нь их. Тиймээс хариуцлагатай ажиллах ёстой. Хоёрдугаарт, хурдан мориныхоо уралдааныг өндөр намаар нь, эрлийз монголоор ялгадаг хариуцлагагүй зүйл энэ жилийн наадмаар гарлаа. Энэ бол маш буруу.

-Яагаад? Наадамчид л өөрсдөө “монгол морь, эрлийз морь хоёрыг уралдуулах нь шударга бус” гэж шүүмжилсээр байгаад салгасан юм биш үү?

-Ялгаварлан гадуурхах үзэл санааг бид хэзээ ч дэлгэрүүлж болохгүй. Жишээ нь, үндэсний бөхийн барилдаанд америк ч юм уу, орос, хятадын эрлийз монгол иргэн барилдахыг бид хэзээ ч хориглож чадахгүй. Хоригловол хүний эрхийн том зөрчилд орно. Түүнтэй адилхан өөрөө адуугаа үржүүлээд, удам угсааг нь сайжруулаад, уяад уралдуулж байгаа уяачийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Ер нь дарга нарт, эсвэл нийгмийн тодорхой хэсэгт таалагдахын тулд бусдын эрх ашгийг шууд зөрчиж байгаа нь хүний эрхийн маш том зөрчил. Үүнийг цаашдаа засч залруулах хэрэгтэй. Засч залруулахын тулд уяачдын холбоонд байгаа улстөрчдийг зайлуулах ёстой. Ер нь улстөрчид л янз бүрийн холбоодод очихоороо бурууддаг. Улстөрчид, эсвэл өөр янз бүрийн салбарынхан уяачийн тэр хүндтэй цолыг авдаг ч буруу. Яг морио уядаг хүнд нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top