Ерөнхий сайд Дэлхийн оюутны универсиадын шилдгүүдэд мөнгөн шагнал гардууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01


Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж, амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгодог журамтай. Энэ журмын дагуу Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад их наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Б.Мөнгөнтуул, Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн оюутан О.Чинбат, Боловсролын их сургуулийн оюутан Ч.Нарантуяа, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Бишрэл, Н.Баяраа, Д.Ганзориг нарт Засгийн газрын тэргүүн мөнгөн шагналыг нь хичээлийн шинэ жилийн анхны өдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагналаа гардсан шилдэг оюутан тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ. Мөн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, салбар бүрээ манлайлж бусдадаа үлгэр дууриал болж байгаа бүх оюутнуудад талархаж, тэднээр бахархаж байгаагаа илэрхийллээ. Мөн энэхүү  шинэ хичээлийн жил өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтэй оюутан бүрийн амжилт ололтоор бичигдэн үлдэнэ гэдэгт итгэж байгаа гэлээ.

Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад их наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэн эдгээр тамирчин оюутнуудын дасгалжуулагч багш нарыг ч мөн Засгийн газрын мөнгөн шагналаар шагналаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top