Улсын арслан Г.Эрхэмбаярын мялаалгын наадмаар “Ноёд”-ын Г.Буяндорж бэл бэнчингээ гайхуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

Монголчууд хэзээнээсээ бөх, морио дээдэлсээр ирсэн. Энэхүү уламжлалаараа  зарим нь намрын нөр их ажлаа хойш тавин наргисаар байна. Бай шагнал ч тоймоо алдаж. Хэн нь илүү бэл бэнчинтэйгээ гайхуулах хөөрхөн уралдаан болон өрнөж байх шиг. Саяхан улсын арслан цол авсан Сэлэнгийн Г.Эрхэмбаярын “наадам” болж өнгөрлөө. Тэрээр 1978 онд төржээ. Мөн Сэлэнгэчүүддээ 78 жилийн дараа улсын арслан гэсэн эрхэм алдраар бэлэг барьсан юм байна. 78 гэсэн тоо давхцаж таарсанд билэгшээлээ хэмээн юун түрүүнд наадамчдын өмнө Монголын алтны магнат “МАК”-ын Н.Номтойбаяр 78 сая төгрөг, цул мөнгөн морин хуурын хамт бэлэглэв. Улсын наадмаас дутахгүй нижгэр болсон арслан цолны наадмын мялаалгын шинэ дууг нутгийнхан нь “Г.Эрхэмбаяр арслан” хэмээн нэрлэжээ.
    Сэтгэлээрээ баян, ургацаар ч баян Сэлэнгэчүүд 80 жилийн ойгоороо Н.Номтойбаяраас 100 сая төгрөгийн мялаалга авч, дээр нь шинэхэн арсланд нь ийнхүү гар татаагүйд бүгдээрээ баяр хөөртэй байлаа. Гэхдээ нутгийнхан нь мөнгө гэхээсээ илүү он удаан жил хүлээсэн арслан цолтонд зориулан дуулсан дуу хуураа дээдэлж байсан болов уу. Баян нь баянаараа, ядуу нь ядуугаараа ялгарсан энэ цаг үед жирийн иргэдийн эрхэм зүйл нь мөнгө биш, хүчтэний алдар хүнд гэдгийг Н.Номтойбаяр мэтийн хүмүүс яахан мэдрэх билээ. Нэрт дуучин Т.Ариунаа, “Гэгээн алсын одод-2010” наадмын тэргүүн байрын шагналт Э.Бямбажав, “Хар сарнай”-н Амараа, залуу дуучин Солонго нарын ая дуу Мандал сумынхан болон аймаг, хотоос очсон олны сэтгэлийг хөдөлгөж, зарим нь доголон нулимстай байсан гэнэ.
    Шагналд дарагдсан Г.Эрхэмбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын, бас Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн “Ноёд” группийн бөх гэгддэг бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос таван өрөө байрны түлхүүр, нутгийн зөвлөлөөсөө Lexus-570 машины түлхүүр гардаад удаагүй байсан юм. Бэлгийн машиных нь дугаар бас л  00-78.  Г.Буяндорж эдгээр бэлгэнд өөрийн хувь нэмрийг чамгүй оруулсан юм билээ. Гэхдээ энэ удаа бэл бэлчингээ дахиад дөвийлгөөд авав. Тэрээр хаш хөөрөг, сэлэм, мөнгөн аяга өглөө. Нутгийн зөвлөл нь мөн Зүүнхараад баригдаж буй шинэ байрнаас дахиж гурван өрөө байр бэлэг  болгож байх юм. Цулайчих юм байна л даа. Арга ч үгүй биз. Хүн өөрийн хүч чадлыг үнэлүүлж буй хойно доо.
    Бэлэг дагаж бяцхан улс төрийн Пи Ар яваад өнгөрч байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Сэлэнгэ нутгийн хүн гэнэ. Тэр арслангийн цолны мялаалгын энэхүү наадмыг далимдуулан нийт Сэлэнгэчүүдэд амжилт хүсээд том хивсэн дээр арслангийн дэвж буй дүрсийг хийлгэснээ их л бахдалтайгаар гардуулжээ. Ийм хивсээрээ бас Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Зүүнхараа хотын засаг дарга Б.Цээпилдорж, “Ноёд”-ийн Г.Буяндорж нар болон  наадмын түрүү морьдыг хүртэл мялаажээ. Арслангийн цолны мялаалгын энэхүү наадамд хоёр насны морьд уралдсан байна. Мөн 68 бөх барилдсанаас улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, улсын начин Б.Батмөнх үзүүрлэжээ.
    Ийнхүү бэлгийн хур буусан мялаалгын наадам Зүүнхараа хотын Арслант уулын бэлд нижгэр болж өнгөрчээ. Улсын арслан Г.Эрхэмбаярын нэрээр нэрлэгдсэн,
    “…Мандал хайрханаа сүслэн дэвж
    Монгол уламжлалаа дээдлэн шавсан
    Сэлэнгэ нутгийнхаа омгийг огшоож
    Сэтгэл баясгасан идэр арслан
    Хараа нутгийн унаган хүү
    Халхын наадмын босоо чимэг…” хэмээх үгтэй дуу эгшиглэсэн наадмын бэлэг сэлтээс харахад “Ноёд”-ын Г.Буяндорж, “Мак”-ын Н.Номтойбаяраас арай нүнжигтэй баян ч юм уу, эсвэл Ардчилсан нам, нутгийн зөвлөл нь илүү хүчтэй юм уу, ямартай ч тэрүүхэндээ битүүхэн арсалдаад өнгөрч байх шиг ээ. “Ноёд”-ын Г.Буяндорж хэдэн жилийн өмнө “Цэнг трейд” компаниас баахан мөнгө зээлдээд түүнийгээ төлөлгүй бултаж, шүүх, цагдаад дуудагдан баларч явснаа бодвол овоо хөлжсөн бололтой. Тэрхүү луйврын шинжтэй, хүний мөсгүй үйлдэлд нь голдоо ортол гомдсон хүн цөөнгүй. Одоо ч араас нь нэхэл хатуутай яваа хүн бий гэнэ лээ.
Ер нь эцсийн дүнд шинэхэн арслан маань ийнхүү нэг сайн машинтайгаас гадна бусад хувь хүмүүсийн өгсөн хонь, үхэр адуу зэрэг зөндөө их бэлгийг авч, хот, хөдөөд нийлээд найман өрөө бүхий хоёр байртай болжээ. Сайн бөх гэнэт баяждаг, сайн бух намартаа нэг удаа эзнээ баяжуулдаг хэмээх зах зээлийн өнгийг ялгасан үг ортой л юм шиг байна даа. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top