25 настай Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт 200 метрийн зайд түрүүлснээр дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо. Тэрбээр уг ялалтынхаа дараа доорх ярилцлагыг өгчээ
-Таны өрсөлдөгчид хэр хүчтэй эсэргүүцэл үзүүлэв?
-Өрсөлдөгчид маань ДАШТ-ий шигшээ уралдаанд үргэлж сайн уралддаг. Надаас гадна дээд зэрэглэлийн долоон гүйгч уралдаж байгаа учир ийм байх нь арга ч үгүй юм. Би өрсөлдөгчдөө хэзээд хүндэлсээр ирсэн. 200 метр 100-гийн дэргэд урт зам учир түүнд би нэлээн ул суурьтай хандаж ирсэн. Сэтгэл санаагаа үргэлж хянаж байлаа.
-200 метрт үзүүлсэн таны 19.40 секундийн амжилт дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна. 19.19 секундийн дээд амжилтыг эзэмшдэг таны хувьд19.40 секунд хэр сайн үзүүлэлт вэ?
-Нэлээн сайн амжилт шүү. Би энэ улиралд тийм ч сайн байгаагүйг хүн бүр мэдэж байгаа. Гэсэн ч гэлээ формдоо сайн орох ёстой гэсэн бодолтойгоор бэлтгэлээ сайн хийсэн. Гэтэл 200 метрт уралдахдаа гараанаас муу гарсан байна лээ. Уралдааныг протоколыг эргэж харахад гараанаас гарсан миний реакц бусад бүх оролцогчдоос муу байсан. Тойргийг тойрох хүртэл би хүндрэлтэй гүйж байлаа. Харин сүүлийн 100 метрийн зайд гарч ирээд хурдаа жигдрүүлснээр ялалтад хүрлээ.
-Гараанаас ингэж удаан гарсан нь 100 метрээс хасагдсанаас болсон уу. Ер нь эндээс ямар туршлага авав?
-Уг нь энэ улирлыг бүхэлд нь гараанаас гарах бэлтгэлд зориулсан. Учир нь гараанаас гарах техник олон жилийн турш миний сул тал байсаар ирсэн. ДАШТ-ий 100 метрийн зайн уралдааныг хийхдээ би гараанаас аль болох хурдан гарахыг хичээж байлаа. Уралдааны өмнө сэтгэл маань их түгшиж байсан. Үзэгчид "Үзүүлээд өг" гээд байдаг. Шүүгч бэлтгэх дохиог өгөнгүүт би анхаарлаа 100 хувь уралдаанд төвлөрүүлсэн байлаа. Гэвч түрүүлээд хөдөлчихсөн.
-Хэрэв тэр уралдаанаас хасагдаагүй бол хэдэн секундийн амжилт үзүүлэх байсан бол?
-9.6-9.7 секундийн амжилт үзүүлэхэд бэлэн байсан. Гэвч би энэ сэдвийн талаар янз бүрийн зүйл яримааргүй байна. Миний хувьд Йохан Блэйк дэлхийн аварга. Түүний үзүүлсэн амжилтыг зарим хүн тааруу хэмээн дүгнэж байгаа ч энэ нь түүний нэр төрийг арчиж чадахгүй. Тэр хөнгөн атлетикаар өвчилсөн хүн. Йохан сайн гүйгч болохын тулд бэлтгэлээ зөв хийж, хоолоо зөв хэрэглэдгийг би мэднэ. Тиймээс тэр жинхэнэ мэргэжлийн атлетикч.
-Та уралдаанаас хасагдсанаас болж олон нийт фальстартын дүрмийг өөрчлөх талаар бөөн яриа үүсгэсэн?
-Энэ дүрмийг буруу гэж хэлэхгүй. Би л энэ дүрмийн золиос боллоо гээд түүнийг өөрчил гэж хэлэх нь буруу. Би өөрийн буруугаас уралдаанаас хасагдсан у чир энэ бол миний л асуудал. Хэрэв олон нийтийн шаардаад байгаа шиг хуучин дүрмээ сэргээх юм бол хөнгөн атлетикийн хөгжил нэг алхмаар ухарна. Дасгалжуулагч маань нэг л зүйлийг зөвлөсөн, чи шүүгчийн зааврыг маш сайн сонсох ёстой гэж.
-Уралдаанаас хасагдчихаад цэнгэлдэхээс гараад явсныхаа дараа юу хийж өөрийгөө тайвшруулав?
-Сэтгэлээр унасан гэнэ ээ? За яах вэ, ингэж хэлж болох юм. Үнэнийг хэлэхэд, фальстарт болсондоо харамсаагүй. Харин тэр гарааг хийх гэж бэлтгэсэн энэ жилийн тэр их хүч хөдөлмөрийнхөө төлөө харамссан. Би бэлтгэлийн цэнгэлдэхэд очоод жаахан суусан. Тэгээд машинд суугаад зочид буудалдаа очсон. Ингээд л болоо.
-Энэ явдлын талаар гадуур хэт их яриад байгаа мэт санагдаж байна уу?
-Сэтгүүлч та бүхний л шийдэх асуудал. Уралдаанд бус ийм маягийн жижиг асуудалд анхаарал хандуулдаг байдалд би бүр дасчихсан. Ер нь 100 метрийн зайн уралдаан болоход ийм асуудал үргэлж үүсдэг шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд, ийм утгагүй ярианаас болоод би удаан гүйнэ гэж лав байхгүй.
-Лондоны олимпод амжилт гаргахын тулд энэ ДАШТ-ээс ямар дүгнэлт хийв?
-Ирэх улиралд ямар ч асуудал гарах ёсгүй. Тоглоом наргиа ч бага байх болно. Өөрөөр хэлбэл би анхаарлаа зөвхөн уралдаанд хандуулна. Гэхдээ стилиэ ор тас орхиж байгаа хэрэг биш юм шүү. Би шоугаа хийсээр л байх болно.
Сэтгэгдэл ( 0 )