Эгэл даруу, хөгжилтэй, тусч Дуайт Ховард Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08


NBA-гийн шилдэг тамирчин, “Орландо мэжиж” багийн тоглогч Дуайт Ховард өчигдөр Монголд ирлээ. Түүний тухай манай залуучууд бүгдээрээ мэдэх байх. Тэр дэлхийн хэмжээний томоохон тэмцээн болгонд өвөрмөц, уран тоглолтоороо сагсан бөмбөгийн талбайг ноёлж, үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа. Өнөө цагийн сагсан бөмбөгийн шилдэг од ийнхүү анх удаа Монголд хөл тавьсан нь том аз завшаан юм. Түүний дүрийг ойрхоноос харах гэсэн залуусын маань хүсэл биеллээ. Өчигдөр Буян-Ухаагийн нисэх буудал залуусын хөлд дарагдсан байв. Ховардтай гар барьж мэндлэхийг тэд хүсч байв. Гэвч хүн бүрд тийм боломж хомс байлаа. Сэтгэл догдолсон  хүн бүхэн харин “Өнөөдөр бидний хүсэл биеллээ” хэмээн хашгирч байсан юм. Тиймээ, хүн бүрийн хүсэл биелж, тэр ирж буй нь энэ.  Дуайт Ховард  Монголын талаар тийм ч сайн мэдээлэлгүй байснаа нуусангүй. Гэхдээ наашаа гарахынхаа өмнө интернет сайт болон бусад олон эх сурвалжаас Монгол орны талаар сонирхож байжээ. “Eznisarways”-ын хамт олон түүнийг онгоцноос бууж ирмэгц тусгай бэлтгэсэн өрөөд урьж оруулан, сэтгүүлчид, жирийн иргэд, шүтэн бишрэгчдийнх нь төлөөллүүдтэй уулзуулав. Тэр “Монголд ирсэн энэ боломжийг ашиглаад бүх зүйлийг нь үзэж сонирхмоор байна” гээд инээж байсан юм. Өөртэй нь зураг авахуулахыг хүссэн хүн бүрийг мөрөөр нь тэврэн инээмсэглэж, нүд ирмэх нь тун хөгжилтэй харагдана. Түүнийг тэндээс гарч ирэхэд үүдэнд нь зогсож байсан залуус “Ховард, Ховард” хэмээн хашгиралдсааар байлаа. Битүү чихэлдсэн залуусын дунд зарим нь оймстойгоо гүйж яваа ч харагдав. Сэтгэл хөдөлсөндөө Ховард руу тэмүүлэн зүтгэхдээ тэд бужигнаан дунд гутлаа хүртэл гээчихсэн байжээ. Ийнхүү хөөрөн баясах олны дундаас харин нэгэн овсгоотой залуу 12 гэсэн дугаартай өмсгөлийг барьсаар Ховардад тулж очин гарын үсгийг нь зуруулаад авч байгаа харагдлаа. Энэ үеэр тэнд цугласан хүмүүс бүгд л баяр хүргэн чанга дуугаар “Ховард, чамд баяр хүргэе”  гэж хашгирч байсан юм. Ховардыг дагалдан яваа хүмүүсийн дунд энэ үеэр бас “Өө, бурхан минь. Ийм их сэтгэл хөдлөлийг бид ойрд хараагүй юм  байна. Монголчууд чинь бидний төсөөлснөөс огт өөр хүмүүс юм байна” гэх яриа сонсогдож байжээ.

Ховардын хамгаалалт харин ч урьд өмнөх зочин гийчдийг бодвол хамаагүй задгай ажээ. Ер нь юунаас тэгтэл хамгаалах билээ дээ. Тэр ямар аль нэг улсын улс төр ч биш. Цагаан цайлган сэтгэлтэй, сагсан бөмбөгийн спорт болон хөгжөөн дэмжигчиддээ чин үнэнч тамирчин эр хойно доо. Ховард “Би хүүхэд залуусын дунд байх дуртай. Тэдний сайн сайхны төлөө чиглэсэн үйл хэрэгт идэвхийлэн оролцох сонирхолтой. Намайг Монголын залуус ийм сайхан угтан авна гэж төсөөлөөгүй шүү” гэсэн тун энгийн яриа хөөрөө өрнүүлж байсан юм.

“Мобиком” корпорацийн санаачилсан Ховардыг Монголд аялуулах, залуустайгаа уулзуулах хөтөлбөр ийнхүү хэрэгжлээ. Өнөөдөр Ховард асрамжийн хүүхдүүдтэй уулзаад 14 цагаас “Боловсрол” телевизээр шууд ярилцлага хийнэ. Мөн 16 цагаас бөхийн өргөөнд уулзалт тоглолттой. Тэгээд орой нь “Нүхт”-д очиж тухлана. Тэнд бас болоогүй ээ, коктейль шоунд оролцож шүтэн бишрэгчидтэйгээ халуу яриа өрнүүлнэ.

Түүний гурван өдөр Монгол байх хугацааны хөтөлбөр их шахуу хийгдсэн бололтой. Тэр хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэдэг, ядарч зовсон хүмүүст тусламжийн гараа сунгадаг заншлаараа нийслэлийн аль нэг сургууль дээр очно. Мөн эмнэлэгийн газарт зочилно.

Алдарт сагсан бөмбөгчийн маань биеийн өндөр нь 2 метр 12 см юм. Манай залуус түүнээс их зүйлийг сурч, мэдээд хоцрох нь дамжиггүй.

Сэтгүүлч Б.Отгонбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top