4096 бөхийн барилдаанд түрүүлбэл онгоц өгнө

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 15

Гиннесийн номонд бүртгүүлэх зорилгоор Монголын үндэсний бөхийн холбоо 4096 бөх барилдуулах гэж байгаа билээ.   Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Мөнхбат тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон бөхчүүдээс гадна цэрэг, оюутан зэрэг бүх давхаргын эрчүүдийг хамруулан барилдуулах гэнэ.  Монгол айл бүрт бөхийн зодог шуудаг өлгөөтэй байлгахад чиглэгдэж байгаа энэ барилдаанд бүртгүүлсэн бөхчүүд энэ сарын 17-ны өдрийн 14 цагт төв цэнгэлдэх хүрээлэнд зодог шуудагтайгаа жагсаж тооллогонд хамрагдах ажээ. Ямартай ч урьд нь болж байгаагүй олон бөх оролцож байгаа учраас нэлээд хэдэн өдөр үргэлжилнэ. Тэгэхээр зохион байгуулалтыг өндөр хэмжээнд төлөвлөжээ. Тухайлбал, нэгийн даваа 17-нд эхлээд 18, 19, 20-ны өдрүүдэд явагдана. 21, 22-нд хоёрын даваа үргэлжилнэ. Гурвын даваа 23-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд нэг өдөр явагдаж, 24, 25-нд дөрвөөс 12-ын давааны 512 бөхийн барилдаан болж өндөрлөх юм. Харин тасалбарын хувьд хоёр хоногийн өмнөөс зарагдаж эхэлсэн бөгөөд нээлтийн ажиллагааных 10000 төгрөг, төв индрийнх 15000 төгрөг, сүүдрэвчтэй суудлынх 12000 төгрөгийн үнэтэй аж. Бөхийн өргөөнд болох эхний өдрийн буюу гурвын давааны барилдааны тасалбар 6000 төгрөг, сүүлийн хоёр өдрийнх хосоороо 15000 төгрөг байна. Улсын баяр наадмаас дутахгүй шагнал өгнө гэж Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан хэлсэн бол энэ барилдаанд түрүүлсэн бөхөд онгоц өгөх юм гэсэн яриа  сүүлийн үед дуулдах боллоо.  Угаас манай бөхчүүд машиныг янз бүрээр нь  шагналд аваад сурчихсан юм чинь түүхэнд үлдэх барилдаанд  түрүүлээд онгоц хөлөглөөд дүүлэхийг хэн байг гэхэв.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top