Монгол бөхийг гиннесийн номд бүртгүүлэх 4096 бөхийн барилдаан эхэллээ. Хаанахын, хэний хэн гэдэг хүчтэн энэ барилдаанд түрүүлэх тухай ярих нь саяхан болтол тийм ч чухал байсангүй. Хамгийн гол нь гиннесийн номд бичигдэх бөхчүүдийн дотор аварга арслангуудаас маань хэд нь ирж барилдах бол, ер нь бөхчүүд энэ тоонд хүрэх үү хэмээн ярилцаж байлаа. Үндэсний бөхийн холбооныхон харин Монголчуудад ховорхон тохиох энэхүү арга хэмжээг тун сайн зохион байгуулжээ. Холбооны тэргүүн Р.Нямдорж санасандаа хүрч чадсан байна. Тэрбээр өнгөрөгч өвөл холбооныхоо ээлжит их эеийн хуралдааны индэр дээрээс “Монгол бөхийг гиннесийн номд бүртгүүлнэ” хэмээн зарлахад зарим нь сайтар итгээгүй байж магадгүй. Гэтэл тэр их холыг харж хэлж байжээ.
Ийнхүү 4096 бөх Төв цэнгэлдэхэд эхний хоёр өдөр барилдаж, гурвын даваанаас Бөхийн өргөөнд 1024 бөх зодоглоно. Одоо хэн хүнгүй ямар бөх түрүүлэх бол гэж бодоод сууж байгаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сүүлийн гурав дөрвөн жил барилдаагүй, бэлтгэл хийгээгүй ч гэсэн барилдах тухайгаа аль эрт мэдэгдсэн болохоор амжилт нь тун дээгүүр гарч ирэх байх. Даян аварга Г.Өсөхбаяр наадмын барилдаанд гэнэ алдаж шөвгийн дөрөвт үлдээгүй. Гэхдээ энэ удаа бэлтгэлээ чамбай хийсэн дуулдана. Залуу аварга С.Мөнхбатын хувьд түрүүлэх бөхийн тааварт багтах болов уу гэцгээж байна. Ахмад аваргуудаас дархан аварга Ж.Мөнхбат Япон руу явсан сурагтай. Тэнд хүүгийнхээ урилгаар сумочдын барилдаан, бэлтгэл зэргийг хараад сууж байгаа гэнэ. Дархан аварга Х.Баямөнх ахмад бөхчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар бэлтгэж буй тул барилдахгүй. Мөн Д.Цэрэнтогтох аваргын бие чилээрхүү байгаа бололтой. Харин А.Сүхбат аварга зодог тайлсан гэж “тунирхаад” болдоггүй. Ингээд аваргуудаас цөөн хэд нь барилдахаар боллоо. Монгол бөхийн нэгэн гайхамшиг тохиож буй тул энэхүү барилдааны онцлох зүйл мундахгүй их байгаа. Энд аав, хүү бөхчүүд олон бүртгүүлжээ. Түүнчлэн нэг гэр бүлийн тав, зургаан бөх ч барилдаж байгаа бөгөөд сум бүрээс бөхчүүд ирээд байна.
Бөхийн тааварчид өнөөдрөөс тандалтаа улам нарийвчилж буй. Тэдний ихэнх нь түрүү, үзүүрт үлдэх бөхчүүдийн тоонд отгон аварга Сүхбаатарын Мөнхбат, Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба нарыг нэрлэжээ. С.Мөнхбат аварга Увс аймгийн Баруун-Туруун сумынх. Заан Ч.Санжаадамба Архангай аймгийн Хашаат сумын уугуул. Ч.Санжаадамбыг наадмын одгүй бөх хэмээн гоочилж ярьдаг хүмүүс харин өнөөдөр түүнийг гиннесийн номд түрүүлснээр биш юм аа гэхэд үзүүрлэсэн бөхөөр бичигдэх байх гэж найдаж буй ажээ. Тэр өнгөрөгч цагаан сарын барилдаанд тун одтой барилдаж түрүүлсэн. Улмаар өнөө жилийн наадмаар улсын начин, харцага цолыг алгасч заан цолонд хүрсэн юм. Отгон аваргатай үзүүр, түрүүнд үлдвэл мань хүн хий дэмий аз туршсан мэх хийхгүй нь лавтай. Эцсийн мөчид шийдэмгүй барилдан аваргыг хаяж ч мэднэ. Түүнд ийм хэмжээний бэлтгэл бий гэж бөх судлаачид хэлж байна. Үнэн байж магадгүй, харж л суухаас.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )