Дэлхийн гайхамшигт дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номд 4096 бөх барилдуулан бүртгүүлэхээр МҮБХ шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 6002 бөхийн барилдаан эхэллээ. Анх 2003 онд Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд 2048 бөх барилдуулж, үүнийгээ монгол бөх гэж Гиннесийн номд бүртгүүлсэн байдаг. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг ном учраас МҮБХ-оос 4096 бөх барилдуулахаар бүртгэлийг зарласан ч, сар гаруйн хугацаанд түүнээс хол давж, 6002 бөх бүртгүүлсэн юм байна. Монгол бөхийн холбооны ерөнхийлөгч цаг хугацааг тавиу тавьж өгсөн бол 6000-ыг ч хол давах бөхчүүд цуглах байсан хэмээлээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлж нээлтийн ажиллагааг эхлүүллээ. УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Далай аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О. Балжинням, улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Баяржавхлан, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд н.Ганбаатар, улсын заан н.Бат-Эрдэнэ болон улс, аймаг, сумын цолт маш олон бөхчүүд оролцож байна.
Б.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )