Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан найм хоног үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 19

   Өвөг дээдсээс уламжилж ирсэн  үндэсний бөхөө Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Монголын үндэсний бөхийн холбооноос 4096 бөх барилдуулахаар зар тараасан ч бүртгэх явцад 6000 хол давсан учраас 6002-оор тасалсан аж.  Гиннесийн номонд бүртгэхэд ганцхан тоо дурдах биш, зурагжуулж баталгаажуулах ёстой аж. Тиймээс 6002 бөх зодог шуудагтайгаа сууж зургаа авахуулсаны дараа цэнгэлдэхийн гаднаас улс, аймаг, сумын цолтойгоороо ялгаран цэнгэлдэхэд дэвэн дэвсээр орж ирэн , зүлэг ногоон дэвжээнээ байрлуулсан олон өнгийн тугийн дэргэд очиж зогсоцгоолоо. Энэ нь  Гиннесийн номонд бүртгэх тооллогын төлөөлөгчдөд зориулсан үйл ажиллагаа ажээ. Нийт 6002 туг хатгасан бөгөөд туг бүрийн ард нэг бөх очиж зогссоноор тоо баталгаажих учиртай.  Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Далай аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, аварга С.Мөнхбат нар тэргүүлэн  102 улсын цолтон, 900 гаруй аймаг, цэргийн цолтой бөх, 2000 гаруй сумын цолтон бөхчүүд энэ барилдаанд барилдаж байна. Түүнээс гадна 2000 гаруй нийтийн монгол бөх, 1000 гаруй оюутан, сурагч хүч үзэж байгаа. Нээлтийн ажиллагааг МУ-ын ерөнхий сайд С.Батболд, МҮБХ-ны тэргүүн Д.Нямдорж нар нээж үг хэллээ. "Монгол орны өнцөг булан бүрээс 6002 бөх цуглаж барилдахаар болсон нь МУ-ын түүхэнд анх удаа болж байгаа том үйл явдал, хэдийгээр Монгол улс 2,8 сая иргэнтэй ч, монгол эр хүн бүр бөх байдгийн тод илрэлийг харуулж байна" гэж Ерөнхий сайд нээлтийн үеэр онцоллоо.  6002 бөхийн барилдааны нэгийн даваа маргааш өндөрлөнө. 6002 бөхийн барилдаан найт хоногийн турш үргэлжилж, энэ сарын 25-ны өдөр эртэй бяртай, од нь гийсэн аавын хүү түрүүлэх юм. Тэр өдөр монгол бөх Гиннесийн номонд бүртгэгдэх учиртай.

Б.Эрдэнэ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top