Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал өчигдөр нийслэлийн шүүхэд боллоо. Түүний хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд хэвээр нь баталсан юм. Шүүхээс 11 жилийн ял сонссон Ц.Улаанхүү начин өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байсан бөгөөд өөрт нь оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Ц.Улаанхүү начин холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болсон бөгөөд энэ хурлаар түүнийг Н.Болдбаатар гэгчид 43 капсул мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн хэмээн үзсэн бөгөөд гэрчээр баримтжуулсан. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад гарахдаа төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарч, урьдчилан хорих 461 дүгээр ангид хориод байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )