Ардчилсан намын аймаг орны нутгийнханы хувьд намын байрны асуудал бол толгой өвтөгсөн зүйл байдаг. Тэгвэл Сэлэнгэ аймгийн ардчилсан намынхан УИХ-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогтын дэмжлэгтэйгээр өөрийн гэсэн намын байртай болж, ардчилагчдын магнайг тэнийлгэсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тус аймгийн намынхан саяхан Ардчилсан намаас зохион байгуулсан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг зохион байгуулсан, Сэлэнгийн ардчиллын боть номоо хэвлүүлсэн, намын хорооны хурлаа хийж байгаа гээд тун ч завгүй ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт аймгийн төв талбайн дэргэд сүндэрлүүлсэн хоёр давхар Ардчиллын шинэ ордоныхоо нээлтийг хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт болон намын ҮЗХ-ын гишүүд, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид оролцлоо. Нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга Д.Цогт-Очир хэлсэн үгэндээ “Аймгийн ардчилсан нам өөрийн гэсэн байртай болсон явдал бол удаан хүсэн хүлээсэн баяртай мөч бөгөөд улсын хэмжээнд байхгүй ийм сайхан байртай болгож өгсөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтод талархалаа илэрхийлье” гээд энэ бол Ардчилалд оруулж байгаа том хөрөнгө оруулалт, үнэтэй хувь нэмэр гэдгийг онцолсон юм. Тэрээр энэхүү өргөөнд ардчиллын үйл хэрэг үргэлжилж, энд ардчилагчдын хөл тасрахгүй бужигнаж, олон олон ялалтыг энд байгуулах болно гэсэн юм. Ийнхүү Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт шинэ байрандаа нүүж орлоо.
Сэтгэгдэл ( 0 )