Монгол улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 372 жилийн ойн спортын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Аеробекийн улсын аварга таван насны ангиллаар явагдаж байна. Уг тэмцээн ганцаарчилсан, хос, гурвал, багийн гэсэн төрлөөр аваргаа шалгаруулж дүнгээ гаргах юм. Энэхүү тэмцээний шилдгээр шалгарсан баг ОХУ-ын Эрхүү хотод зохиогдох Олон Улсын Гимнастикчдын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох урилга авах юм байна. Тэмцээнд анхлан суралцагчаас эхлэн ахмад туршлагатай тамирчид оролцож байгаагаараа онцлог ба 10 гаруй байгууллагын 200 гаруй тамирчин авъяас чадвараараа өрсөлдөж байна.
Б.Чулуунцэцэг -34-р сургуулийн дасгалжуулагч, багш
-Манай сургууль дөрөв дэх жилдээ оролцож байна. Энэ жил 14 тамирчин оролцож байна. Манай сургуулийн хувьд медальгүй буцсан жил байгаагүй болохоор энэ жил түрүүлэхийн төлөө хамаг хүчээ дайчлан бэлтгэлээ сайн базаасан. Аеробекээр бага балчраасаа хичээллэх урлагийн гоо зүйг төлөвшүүлэх, зөв хүмүүжлийг олж авдаг. Энэ дашрамд бидэнд дэмжиж тусалсан бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлмээр байна.
С.Саяцэцэг-2010 оны Улсын аваргын хүрэл, Дүүргийн хошой алтан медальт, олон удаагийн аварга, 34-р сургуулийн 9-р ангийн сурагч
-Би энэ тэмцээнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Өмнөх жилүүдийн энэ тэмцээнд мөнгө, хүрэл медалиуд авч байсан. Энэ жил медалийнхаа өнгийг хувиргах зорилготойгоор маш сайн бэлдсэн. Миний хувьд үзүүлбэрээ үзүүлж дуусгаад багшийнхаа болон дэмжигчдийнхээ баяслыг харах л хамгийн гоё санагддаг. Энэ спортоор хичээллэснээр зөв сайхан галбиртай болж, эмх цэгцтэй хүмүүжлийг олж авдаг ач холбогдолтой гэж би боддог.
Өнөөдрийн насны ангилалд ганцаарчилсан, хос, гурвал төрлүүд болсон бөгөөд ширүүхэн өрсөлдөж байлаа. Тэмцээний дүн маргааш орой гарах бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Т.Пагмаа
Сэтгэгдэл ( 0 )