Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Азийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч ноён Занг Жилонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монголчууд хувьтай хүн хурнаар хэмээн бэлэгшээдэг. Шинэхэн цас орсон энэ сайхан өдөр та бүхний Монгол улсад хийж байгаа айлчлал эхэлж, та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Монголын хөлбөмбөгийн ирээдүйн хувь заяа улам гэрэлтэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэллээ.
Мөн тэрээр хүнийг эрүүл байлгах гол үндэс суурь нь биеийн тамираар хичээллэх, тэр дундаа хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх асуудалд Монгол Улсын Засгийн газар анхаарч ирснийг хэллээ.
Тухайлбал нийслэл болон хөдөө орон нутагт хөлбөмбөгийн зориулалтын талбайг ихээр байгуулж байгаа нь хүүхэд залуучуудын талархлыг хүлээж байна. Цаашид ч хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр Азийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах, тодорхой төсөл, хөтөлбөрт хамрагдахыг хүсч байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ.
Түүнчлэн Монголын баг тамирчдыг Азийн хэмжээнд зохиогдож байгаа тэмцээн уралдаанд оролцоход төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа ч Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.
Ноён Занг Жилонг Ерөнхий сайд С.Батболдод өөрийг нь цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд спортод элэгтэй, спортыг дэмждэг Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа, мөн Монгол Улсын эдийн засгийн огцом өсөлтийг нүдээр үзэж мэдрэх боломж гарсанд хувьдаа баяртай байна гэлээ. Мөн тэрээр Монголын эдийн засаг хүнд байхад чөлөөт бөхийг холбоог 10 гаруй жил удирдаж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан шигээ Монголын хөлбөмбөгийн холбоог дэмжиж байдагт талархаж байгааг ч Засгийн газрын тэргүүнд илэрхийлж байлаа.
Монголын хөлбөмбөгийн холбоо 2000 оноос хойш Азийн хөлбөмбөгийн холбоо болон Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /FIFA/-той нягт хамран ажиллаж, энэ спортыг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ноён Занг Жилонг хэлээд “Goal” төслийн хүрээнд FIFA-гийн хөрөнгө оруулалтаар монголын хөлбөмбөгийн талбайг улам өргөжүүлж, олон улсын стандартад нийцүүлэн засч тохижуулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа.
Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдтой нягт хамтран ажиллаж байгаагаа ноён Занг Жилонг энэ үеэр хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )