Волейболын үндэсний дээд лигийг өчигдрийг хүртэл нэг ч хожигдолгүй байсан “Энагура” анхны хожигдлоо амслаа. Ингэснээр тэдний тав дараалсан хожил дуусгавар болов. Өрсөлдөгч нь “ТЭЦ-4”-ийн бүсгүйчүүд байсан бөгөөд эгч нар гуравдугаар тойргийн эхлэлд ямар ч алдаа гаргалгүй тоглосноор энэ жилийн хамгийн том ялалтаа байгууллаа. Эхний сетээс л эрч хүчтэй байсан “ТЭЦ-4”-ийнхөн хоёрдугаар тойрогт гаргасан алдаануудаа засч, лигийн аваргын төлөөх өрсөлдөөнөө дахин эхлүүлж байна. “Энагура”-г “ТЭЦ-4”-ийн хашир мастерууд 3:1 -ээр буулган авсан. Харин аваргын төлөө тоглохоор нэлээд хүчтэй өрсөлдөж буй “Уурхайчин"-ы эмэгтэйчүүд “Тэнүүн Огоо”-гоос тун амархан хожил салгалаа. Б.Нарантуяа мастер тэргүүтэй “Тэнүүн Огоо" хоёрдугаар тойрогт “Уурхайчин” бүсгүйчүүдийг ялсан ч өчигдөр тун тааруу тоглосон. Хамгаалапт, довтолгоо зэрэгт удаа дараа алдаа гаргасан нь хожигдох гол шалтгаан болов. Эрэгтэйчүүдийн хувьд эхний дөрвөн багийн хооронд өрсөлдөөн өрнөсөн хэвээр бол лигийн хоёр удаагийн дэд аварга “Эрчим” энэ удаа медалийн өрсөлдөөнөөс хасагдлаа. Өөрөөр хэлбэл плей-оффт шалгарч чадахгүй гэсэн үг.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )