Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон “Бид Сүхбаатарчууд” урлаг, спортын наадмын шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохиогдсон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Бид Сүхбаатарчууд” урлаг, спортын наадмын шилдгүүд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны  өдөр тодорлоо.

Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, хөлбөмбөг гэсэн спортын 5 төрөл,  ардын болон орчин үеийн дуу, бүжиг зэрэг урлагийн 6 төрлөөр явагдсан энэхүү наадамд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтсүүд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод нийт 60 багийн 2800 гаруй тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорьжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бид Сүхбаатарчууд” урлаг спортын наадмын хаалтын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Нийслэлийн зүрхэнд оршдог Сүхбаатар дүүрэг бүхий л салбарт манлайлагч, тэргүүн нь байж ирсэн. Гурван мянга шахам баг тамирчид оролцсон энэхүү наадам Олимпын наадам мэт өргөн хүрээтэй, амжилттай зохиогдсонд баяртай байгаагаа илэрхийллээ.


Мөн тэрээр уг наадмыг цаашид улам өргөжүүлэн, уламжлал болгон зохиож байх саналтай байгаагаа дүүргийн удирдлагууд болон нийт баг тамирчдад хандаж хэллээ.

Түүнчлэн энэхүү наадмыг зохион байгуулсан нь байгууллага хамт олны уялдаа холбоог сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урлаг спортоор хичээллэж, биеийн болоод оюун санааны эрч хүч авах боломж нөхцөлийг олгож байгаа нь хамгийн том үр дүн юм гэлээ.

Наадмын шилдгээр 400 гаруй тамирчид тодорсноос байгууллагын спорт урлагийн нэгдсэн дүнгээр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс тэргүүн байр эзэлж цом, хүндэт өргөмжлөл, 2 сая төгрөг. Хоёрдугаар байранд Нийгмийн даатгалын хэлтэс орж 1,5 сая, Гуравдугаар байрыг Татварын хэлтэс эзэлж 1 сая төгрөгөөр тус тус шагнагдлаа. Мөн багш ажилчдын дунд зохиогдсон урлаг спортын тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд 58-р сургууль, хоёрдугаар байранд 1-р сургууль, 3-р байранд 11-р сургууль шалгарч дээрх шагналыг хүртсэн юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top