2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөлбөмбөгийн эх орон Бразилд болно.
ДАШТ-ий гурав дахь шатны сонгон шалгаруулалт энэ долоо хоногт явагдаж, таван хэсэгт 20 баг хуваагдан өрсөлдөж байгаа.
Одоогоор Азийн төлөөллөөс Хятад, Ардчилсан Солонгосын шигшээ баг ДАШТ-нд оролцож чадахгүй нь тодорхой болсон. Мөн Монголын шигшээ баг сонгон шалгаруулалтын эхний шатанд Мьянмарын багт хожигдсоноор хасагдсан. Мьянмарын баг хоёрдугаар шатанд Оманы шигшээд хожигдсоноор ДАШТ-ийг зорих эрхгүй болсон. Харин Оманы шигшээ баг гуравдугаар шатанд D хэсэгт хуваарилагдсан бөгөөд Австралийн шигшээг хожиж дэлхий даяар нэлээдгүй шуугиан дэгдээгээд байгаа. Одоо хэсэг тус бүрт нэг тойргийн тоглолт үлдэж байгаа бөгөөд багуудын байдлыг хэсэг тус бүрээр танилцуулъя.
А хэсэг. Азийн тэргүүн хэсгээс Иордан, Иракийн шигшээ баг дараагийн шатанд үлдэх болзлоо тун итгэлтэйгээр хангасан. Иракийн талбайд зочлон тоглохдоо Иорданы шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээ талбайд гаргасангүй. Харин манай урд хөрш Хятадын шигшээ баг энэ хэсэгт тааруу тоглосноор ДАШТ тэдний хувьд мөрөөдөл болон үлдлээ.
B хэсэг. 2002 оны ДАШТ-ий дөрөвдүгээр байрын шагналт Өмнөд Солонгосын шигшээ баг сүүлийн тойрогт азгүйтэж Ливанд хожигдсон. Ингэснээр тэд тооцоолоогүй эрсдэлийг өөрсдөдөө бий болгосон. Кувейтийн шигшээ багийг талбайдаа хүлээн авч тоглох нь “улаан”-уудад боломж үлдээсэн. Энэ боломжийг ашиглаж чадахгүй бол Азийн тэргүүн баг ДАШТ-ийг зорих эрхгүй болно. Харин Ливаны шигшээ АНЭУтай сүүлийн тойрогт тэнцэхэд л хэсгээсээ гарч дараагийн шатанд үлдэнэ. Энэ хэсэгт Өмнөд Солонгос, Ливан тус бүр 10, Кувейт найман оноотой явж байна.
С хэсэг. Азийн үхлийн хэсэг гэгдэж байсан энэ хэсгээс дөрвөн тойргийн дараачаар Узбекстан, Японы шигшээ баг гарах нь тодорхой болсон. Хойд Солонгос, Тажикстаны баг мэргэжилтнүүдийн дүгнэж байснаас муу тоглосон нь Узбекстан, Японы багт амархан боломж олгосон. Хэдийгээр Хойд Солонгосын баг Японыг талбайдаа буулгаж авсан ч хэсгээсээ гарах боломжгүй нь нэгэнт тодорхой болсон юм.
D хэсэг. Энэ хэсгийн хувьд хамгийн сүүлчийн тоглолтууд бүх зүйлийг шийднэ. Австралийн шигшээ хариуцлагагүй тоглолтынхоо үр дүнд Оманд хожигдож хэсгийн хоёрдугаар байрын төлөөх өрсөлдөөнийг ширүүсгэсэн. Поль Лу Гуэний удирдсан Оманы шигшээд дэлхийн шилдэг менежер Франк Райкаардын дасгалжуулж буй Саудын Арабтай тэнцсэн. Энэ хуурай тэнцээ хэсгийн байдлыг бүр ч ойлгомжгүй болгож орхив. Хэдий Оманд хожигдсон ч Австралийн шигшээ 12 оноотой нэгээр гарах нь тодорхой болсон. Хоёрдугаар байрын төлөө Саудын Араб зургаа, Оман тав, Тайланд дөрвөн оноотой бичигдэж байна. Сүүлийн тойрогт Австрали Саудын Арабын талбайд зочлох бол Оман Тайландыг талбайдаа хүлээн авна.
Е хэсэг. Катар Бахрейнтай тэнцсэнээр илүү гурван оноогоо хадгалж чадсан. Улмаар Катарын шигшээ баг Бахрейнаас бөмбөгийн хол зөрүүтэй яваа. Тодруулбал, найман бөмбөгийн зөрүүтэй байгаа. Энэ нь Бахрейн Индонезийг хожиж, Катар Иранд хожигдсон ч 2022 онд ДАШТ-ийг нутагтаа хүлээж авах Катарчууд дараагийн шатанд автоматаар үлдэнэ гэсэн үг юм.
Өнөөдрийн байдлаар Австрали, Иран, Ирак, Япон, Иордан, Узбекстан гэсэн зургаан улсын шигшээ баг 2014 оны ДАШТ-ий эрхийн төлөө дөрөв дэх шатанд үлдэх болзлоо хангалаа. Энэ зургаан баг дээр дахин дөрвөн баг нэмэгдэж нийт 10 баг дахин өрсөлдөх юм.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )