Олимпийн аварга Түвшинбаярт нутгийн зөвлөл нь дунд сургууль бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11


Олимпоос анхны алтан медалийг эх орондоо авчирсан Бадар-Ууган, Түвшинбаяр нарыг  манайхан магтан дуулж тэдэнд төр засаг, пүүс компани,  нутгийн зөвлөлийнхөн нь  унах унаа, орох байр, идэх буузыг нь хүртэл амлаж байсан нь саяхан. Арга ч үгүй биз дээ. Монголчууд бидний удаан хүлээсэн алтан медалийг Бээжингийн олимпоос анх удаа авчирсан хүндтэй гавьяаг тэд байгуулсан юм чинь.  Харин тухайн үедээ ихийг амлаад байсан пүүс компаниудаас хэлсэндээ хүрч гар сарвайсан нь тун цөөхөн гэнэ шүү. Олимпийн аваргууд маань төрөөс өгсөн байрандаа, нутгийн зөвлөлийнхний бэлэглэсэн жийпээ унаад амьдарч явна. Харин саяхан олимпийн аварга Түвшинбаярт Булган аймгийн нутгийн зөвлөл аймгийнхаа төвд байх биеийн тамирын  сургалттай дунд сургуулийг иж бүрнээр нь бэлэглэжээ. Өдгөө 250 хүүхэдтэй, 10 гаруй  багштай энэ сургууль материаллаг баазын хувьд бүрэн чадамжсан өөрийн гэсэн байртай ажээ. Нэг сурагчийн жилийн төлбөр 300000 ₮ бөгөөд 250 хүүхэдтэй гэж бодоход олимпийн аварга маань жилдээ тун дажгүй орлого олж болох нь. Түвшинбаяр аваргыг нэг хэсэг хүмүүс Заамарын алтан дээр хэсэг бүлэг бөхчүүдтэй хамт алт ухаад явж байна гэж шуугисан. Хөөрхий минь хэдэн өрөө байр нүсэр том жийптэй л болохоос өөр орлогогүй юм гэж хүмүүс цуурахад мань эрийн дотор нь давчдаа байлгүй дээ. Одоо харин хувийн дунд сургуультай болсон болохоор амьдрал нь дээшилж, аливаа юманд санаа зовохгүй болох нь. Яамай даа. Бидэнд олимпийн аваргын сургуулиас орчлонд нэрээ дуургасан аваргууд төрөхийг хүлээх л үлдлээ. 

Д.Жаргалсайхан Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top