Улаанбаатар дэлхийн өртөг өндөртэй хотуудтай энэ зэрэгцэж ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 16

Ази тивийн зүрхэнд орших утаат Улаанбаатар дэлхийн хамгийн олон сөрөг үзүүлэлттэй хотоор шалгарч, нийслэлчүүд бид ч түүнд дасчээ. Зарим үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгч хотуудыг хэдийнэ хол хаяжээ. Таван тивийн олон ТББ-аас тодруулдаг "Дэлхийн учир дутагдалтай 10 хот" хэмээх жагсаалтуудын ихэнхэд нь багтаж заримд нь бүр тэргүүн байр эзлэх болсон Улаанбаатарын зарим анти-манлайллыг дурдья. "Хамгийн бохир 10 хот", "Хамгийн бохир агаартай 10 хот", "Замын түгжрэлд баригдсан 10 хот", "Аз жаргалын индекс хамгийн багатай 10 хот", "Архинд живсэн 10 хот", "Хамгийн бага







сурталчилгаа »   


оршин суугчтай 10 метрополис хот", "Шударга бус аргаар амьдрахад хамгийн таатай 10 хот", "Автын осолд хамгийн их хүн өртдөг 10 хот", "Хамгийн хүйтэн нийслэл хот", "Ардчилсан зарчмаар хөгжсөн ч хамгийн хөгжил муутай 10 нийслэл хот" зэрэг жагсаалтад Улаанбаатар багтсан юм. Дэлхийн бусад есөн хоттой буруу тийшээ уралдан ихэнхэд манлайлсан юм. Нийслэл хотынхоо энэ мэт жагсаалтыг дурдаад байвал дуусахгүй. Харин гүн нойронд автсан мэт тайван байдлаараа "Бослого хөдөлгөөн хамгийн багатай 10 нийслэл хот" жагсаалтад багтах боломжийг Улаанбаатарт олгожээ. Мансууруулах бодис, биеэ үнэлэлт хамгийн бага дэлгэрсэн зэрэг хоёр гуравхан эерэг жагсаалтад багтдаг билээ, одоохондоо.

Тэгвэл нийслэл хот маань дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг болсныг Та анзаараагүй байж магадгүй. Өнөөдрийг хүртэл амьдралын өртөг хамгийн өндөртэй 10 хотын жагсаалтыг Токио, Москва, Парис хэмээх дэлхийн гурван том нийслэл ээлжлэн тэргүүлж, энэ сэнтийд удаан заларсан. Тэдний байрыг Улаанбаатар хэдхэн жилийн дотор гүйцэж түрүүлэхээр шамдаж байна. Ингэснээр Улаанбаатар нэгэн шинэ анти-рекордыг тогтоож байгаа юм. Улаанбаатарын иргэдийн дийлэнх хувь нь Засгийн газрын тодорхойлолтоор бол дунд түвшнийхэн гэх ядуучууд. Дэлхийн түвшинд яривал ядуугийн ядуучууд. Учир нь манай дундаж иргэдийн хөдөлмөрийн хөлс 300 мянган төгрөг буюу 300 хүрэхгүй ам.доллар. Үүнийг амралтгүй ажлын 30 хоногт хуваая. Өдрийн 10 мянган төгрөг.

Та Москва, Парис, Токиод нэг өдөр 10 ам.доллартай гадагшаа гараад үзээрэй. Боломжийн үнэтэй хоол идээд, нийтийн тээврээр зорчин ажлаа амжуулсны дараа Танд 2-3 ам.доллар үлдэнэ. 300 мянган төгрөгийн цалинтай улаанбаатарчууд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудынх шиг нөхцөлд амьдардаг. Токио, Парисын дундаж орлоготой иргэн 20 гаруйхан хоногт 3000 мянган орчим ам.доллар халаасалдаг байх юм. Энэ нь манайд байдал 10 хувь дор байгааг бэлхнээ харуулна. Саяхан хөдөөнөөс хотод ирсэн нэг хүн хуучны танилтайгаа уулзахын тулд микроавтобус, цагаан утсанд нийлээд гурван мянга орчим төгрөг төлжээ. Түүнийхээр Улаанбаатар хөдөлбөл хөлс, зогсвол зоос төлдөг газар гэнэ. Хөдөөд халаасандаа гурван мянган төгрөгтэй хүн тухайн өдөртөө баянд тооцогддог аж. Саяхан БНСУ-д таван жил ажиллаад Монголдоо ирсэн нэгэн залуу дэлгүүрээр хэсчээ. Тэрбээр анх Солонгост 700-800 мянган вон буюу монгол төгрөгөөр ийн анзааны цалинтай очжээ. Дараа нь сард гурван сая гаруй төгрөгөөр цалинждаг болсон байна. Харин эх орондоо ирсэн түүнийг Монголын цалин, махны үнэ гайхшруулсан байна. Түүний амьдарч асан Пусан хотод нэг килограмм мах Монгол мөнгөөр 8000-9000 орчим байдаг. Харин манайд килограмм мах 7000 төгрөгийн үнэтэй. Нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч, махны хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг манай орон энэ хэрэгцээнийхээ ихэнх хувийг гаднаас бүрдүүлдэг дэлхийн зарим оронтой махны үнэ адилхан байгаа нь юуных вэ.

Манай орны экспортод гаргаж буй махны үнэ дотоодод зарагдаж буй үнээс 2-3 дахин хямд байдаг. Энэ нь махны үнэ хямдрах боломжтойг харуулж буй хэрэг буc уу. 2-3 дахин хямд үнэтэй экспортод гарч буй манай мах чанарын шаардлага хангасан, шинжилгээний бичигтэй, тарган сайхан мах байдаг юм байна. Үүнээс гадна шатахууны үнэ иргэдийг туйлдуулж байна. Токиод нэг литр шатахуун Москва, Парисаас хямд буюу 2000 гаруй төгрөгийн үнэтэй. Энэ нь манайхтай бараг адилхан байна. Техник технологи өндәр хөгжсөн орны нийслэл хотын иргэдийн авдаг цалин манайхаас хэд дахин өндәр. Тэгэхээр манайд шатахуун 400-500 төгрөгийн л үнэтэй байх ёстой юм. Мэдээж нефть олборлогч ОХУ-д шатахууны үнэ үүнээс ч бага. Засгийн газар бодлогоороо ард иргэдийг үнэтэй шатахуунаар шахдаггүй. Энэ бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлэгч нь АНУ.

АНУ тааруу харилцаатай ОПЕК (Нефть экспортлогч орнуудын холбоо)-ийн гишүүн Венесуэлээс хямд үнээр нефть авч байна. Харин манайх "ах дүүс"-ийн найрамдалт харилцаатай ОХУ-аас шатахууныг өндөр үнээр импортолсоор өдий хүрэв. Шатахууны хэрэглээ хамгийн өндөртэй АНУ-д иргэд литр шатахууныг 1000-хан төгрөгөөр л авч байна.


ЭСРЭГ, ТЭСРЭГ УЛААНБААТАР

АНУ 1000 хүнд 828 машин оногддогоороо дэлхийд тэргүүлдэг. Тэгсэн атлаа тэнд замын түгжрэл байдаггүй. Харин манайх 1000 хүнд 111 автомашин оногддогоороо дэлхийн улсуудын нэлээд хойгуурт жагсдаг ч замын түгжрэлээрээ Мехико хоттой эн тэнцсэн. Мексикийн нийслэлийг замын түгжрэлээрээ дэлхийд тэргүүлэхэд хамгийн олон оршин суугчтай метрополис хот гэдэг статус нь нөлөөлжээ. Тус улсын Засгийн газар энэ байдлаас үүдэн бизнес эрхлэгчдийг нисдэг тэргээр чөлөөтэй зорчин ажлаа амжуулахыг зөвшөөрчээ. Тэнд жирийн иргэд өдөр бүр 2-3 цаг зам дээр түгжирдэг. Энэ нь улсын эдийн засагт асар их хохиролтойгоос гадна дундаж давхаргынханд амьжиргаагаа дээшлүүлэх боломж олгодоггүй. Түүнчлэн хөгжилтэй орны бага орлоготой иргэдээс хоёроос гурав дахин бага цалинтай манайд байрны нэг метр квадратын үнэ болон байрны түрээс өдрөөс өдөрт дэлхийн түвшинд ойртож үнэ нь нэмэгдэж байна. Иргэдийн амьдрал ахуй сайжраагүй байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орнуудын жишигт ойртож байгаа нь ард түмнийг сөхрүүлж байгаа юм.

Идэж байгаа юмандаа сэтгэл хангалуун байхаас даа, Улаанбаатарчуудаа Африк болон бусад тивийн зарим оронд нийлээд жил бүр 10 орчим сая хүн өлсгөлөнд нэрвэгддэг. Үүний тал орчим хувь нь тухайн жилдээ нас бардгийг ДЭМБ тогтоосон билээ. Дэлхийн цаг уурын дулаарал газар тариаланд сөргөөр нөлөөлж байгаагаас өлегөлөнд нэрвэгдэх хүмүүсийн тоо буурахгүй байна. Өнгөрөгч онд Африкийн хэд хэдэн орон ургацынхаа 50 орчим хувийг алдсанаас энэ жил өлсгөлөнд бүр хүчтэй нэрвэгдэх болоод байна. Аливаа юм хоёр талтай байдгийн адилаар Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Бруней, Катар зэрэг Ойрхи Дорнодын нефтиэр баялаг орнуудад иргэд өлсгөлөн гэдэг аюулыг мэдрэхгүй амьдардаг. Сая гаруйхан хүн амтай хэрнээ гаднын гурван сая ажилчинтай Ойрхи Дорнодын орон ч байх юм.

Тэнд гаднынхан тухайн орны иргэдээс бага цалин авдаг. Харин эсрэг тэсрэг Улаанбаатарт гаднынхан манайхаас өндөр цалин авдаг. Дэлхийн хамгийн баян улс, 400 мянга орчим хүн амтай Брунейд иргэдийг бизнес эрхлэхийг хүсвэл улсаас нь асар хөнгөлөлттэй зээл олгодог. Бусдын хэрэглээнд атаархаж, тэднийг дуурайхын оронд байгаа юмандаа сэтгэл хангалуун байх, олсон хэдийгээ үр ашигтай зүйлд зарцуулах бизнес сэтгэлгээ бидэнд хэрэгтэй. Далай багшийн нэгэнтээ айлдсан "Хүн мөнгө олохын тулд бүх эрүүл мэндээ золиосолдог. Дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд олсон бүх мөнгөө зарцуулдаг. Тэд ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэд өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддагүй. Тэгээд тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг. Эцэст нь тэд хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг" гэдэг үгийг мартаж боломгүй. Хэдэн жилийн өмнө "Цалингаараа амьдарья" нэвтрүүлэг шуугиан тарьж, цалингаараа амьдарья нэр томьёо орж ирснийг санаж байгаа байх. Харин манайд цалингаараа боломжийн амьдардаг нэг ч хүн -байхгүй. Тиймээс дор бүрнээ давуу талаа ашиглан цалингаас гадуурх орлогыг зөв зүйтэй замаар эрэлхийлэх нь чухал. Улаанбаатарт амьдрахад нэлээд бэрх энэ байдал, өрөнд баригдаж өтөнд идэгдсэн бидний амьдрал манай орны ард түмний аз жаргалын индекс буурч биднийг аз жаргалгүй ард түмний жагсаалтад хойгуур байр эзлэхэд хүргэжээ.

Тэгсэн ч миний сайхан Улаанбаатар
Гаднын Сөүлд өвөл, зун ялгаагүй оройн 17:00-18:00 цагт харанхуй болдог. Харин манайд зуны улиралд үдшийн 22:00 цагаас нааш нар жаргадаггүй. Утаатай ч дэлхийн хаана ч байхгүй өдөр нь цэлмэж цэнхэртдэг тэнгэртэй миний нийслэл хот. Муу бүхнээ дуудуулсан ч улсын нийслэл Улаанбаатартаа бид амьдрах дуртай.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top