Тулааны спортын дөрвөн төрлөөр тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа “Империал” тэмцээн маргааш болох гэж байна. Тэмцээний талаар зохион байгуулагч, Мэргэжлийн кикбокс, муайтай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалангаас тодрууллаа.
- Маргааш болох “Imperial-2011” тэмцээний талаар?
- Эзэн Чингисийн эзэнт гүрэнг халз тулааны ертөнцөд дахин бий болгох гэсэн мөрөөдлөөр тэмцээнээ “Империал” гэж нэрлэсэн. Монгол тамирчдын чансаа, ур чадварыг харуулсан энэ тэмцээн маань жилээс жилд хүрээгээ тэлж байгаад баяртай байгаа.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн маань өнгөрсөн нэг сард Монгол улсын Ерөнхий сайдын ивээл доор олон улсын наадам гэж зохион байгуулагдсан. Дөрвөн төрлөөр аварга шалгаруулдаг. Өмнөх жилийн хувьд дөрвөн төрөлд манай тамирчид аваргын бүсээ авсан.
- Тэмцээний онцлог?
- Энэ жилийн тэмцээнд Англи, Ираны хүчтэй тамирчид ирж байгаа. Тухайлбал Английн тамирчин Вүүдхам эх орондоо төдийгүй дэлхий дахинд хүчтэй өрсөлдөгчид тооцогддог. Өвдөг, тохой сайтай, нэр хүндтэй тамирчин бий.
-Та Вүүдхамтай үзэх нь ээ?
- Тэгнэ. Би жин өсөж 68 кг-д тоглоно. Тулааны хувьд мутай дүрмээр гурван минутаар таван раунд тоглоно.
- Гадаадаас оролцож байгаа тамирчдын талаар?
- Англиас Вүүдхам ирж байгаа. Вүүдхам олон улсын олон удаагийн аварга тамирчин байгаа. Иранаас Жафари гэж тамирчин оролцож байна. Жафаригийн хувьд Иран, олон улсын боксын олон удаагийн аварга. Түүнтэй 58 кг-ийн жинд Г.Ганзориг тоглоно.
-Тэмцээнийг өөрөө зохион байгуулаад оролцож байгаа. Бэрхшээл тулгарч байгаа байх?
- Бага зэрэг гаралгүй яахав. Тухайлбал тамирчид бэлтгэлээ хийж байгаад бэртэнэ. Бэртлээсээ болж тэмцээнд орж чадахгүй болох гээд төлөвлөсөн тоглолтуудад өөрчлөлт орохоос эхлээд асуудал үүснэ. Гэхдээ тэр бүрийг дор нь шийдээд явна даа.
-Шавь нартайгаа цуг бэлтгэлээ базаадаг байх. Бэлтгэл ер нь хэр хангагдав?
- Бэлтгэл маш сайн хангагдсан. Манай шавь нар богино хугацаанд маш их өөрчлөгдсөн. Тэмцээндээ амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
-Энэ жилийн тэмцээнд хэнд хамгийн их найдвар тавьж байна вэ?
- Бүгдэд нь найдлага тавьж байна.
-Тулааны дундуур ганц нэг сюрприз байгаа байх?
- Урлагийн тоглолт байгаа.
-Тэмцээний тасалбарыг хаанаас, хэдэн төгрөгөөр авах боломжтой вэ?
- HiFi-ийн бүх салбар, Бөхийн өргөө, 1950 үнэгүй хүргэж өгнө. Тасалбарын хувьд 10000 төгрөг.
- Тэмцээний дараа ямар төлөвлөгөөтэй байна вэ?
- Амарч, сайхан салхинд гарна даа.
Жейсон Вүүдхам: Сүүлийн гурван долоо бэлтгэл хийлээ
Маргааш болох тэмцээнд Мэргэжлийн кикбокс, муайтай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалантай хүч үзэх Их Британийн тамирчин Жейсон Вүүдхамыг жингээ үзүүлсний дараа цөөн хором ярилцлаа.
- Сайн байна уу?
- Сайн. Сайн байна уу.
- Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Жейсон Вүүдхам гэдэг. Английн тамирчин. Мутай боксоор 12 жил хичээллэсэн.
- Гаргаж байсан амжилтуудаасаа дурьдвал?
- Мэдээж хэрэг тамирчин хүн амжилт гаргалгүй яахав. Эх орондоо оролцож байсан тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан. Сүүлийн хоёр жил Тайландад амьдарч байна. Энэ хугацаанд ширүүн өрсөлдөгчтэй таван тэмээнд оролцсон.
- Маргааш болох тэмцээний талаар?
- Анхнаасаа мэргэжлийн төвшинд сайн зохион байгуулагддаг тэмцээн. Энэ тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна.
- Манай тамирчид хэр санагдав?
- Миний бодлоор бүх улсын тамирчид ижилхэн. Яагаад гэхээр бид нэг л зүйлийн төлөө харж, хичээж байгаа.
- Та хэнтэй хамт ирсэн бэ?
- Шугитэй хамт Банкогоос ирлээ. Шуги намайг тэмцээнд орох уу гэж санал тавьсан. Тэгээд бид хамт ирсэн дээ.
- Өөрөө ямар жинд өрсөлддөг вэ?
- 67-72кг-т тулалддаг. Өнөөдрийн байдлаар миний жин 69 кг байна.
- Бэлтгэлээ хаана хийсэн бэ?
- Бэлтгэлээ гурван долоо хоногийн турш шаргуу хийлээ. Яагаад гэхээр тэмцээнд орох шийдвэрийг би дөрвөн долоо хоногийн өмнө гаргасан. Тэгээд нэг долоо хоног амарч байгаад тэмцээний бэлтгэлээ сүүлийн 21 хоног хийлээ. Тайландад өдөрт 2 удаа бэлтгэд хийдэг байсан. Тайланд чинь мутай боксын эх орон гэдэг утгаараа бэлтгэлээ сайн базаасан.
- Тайланд халуун орон, манайд өвөл болж байна. Өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч байна вэ?
- Халуун газар бэлтгэл хийхэд булчинд хүртэл амар байдаг юм. Харин энд ирсэн хүйтэн байна. Гэхдээ дулаан газар тулаан болно гэж бодож байна.
- Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Тэмцээнд тань амижлт хүсье.
- Баярлалаа. Таньд болон уншигчдад аз жаргал хүсье.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )