Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид түүний төрөн гарсан Такасаго дэвжээнээс нь Монголын цагаан сарыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ.
“Япон улсын Мэргэжлийн сумо бөхийн хүндэт дэвжээнд 22 наснаасаа эхлэн 25 удаа түрүүлсэн таны бахдам амжилтын гараа эхэлсний 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Мэргэжлийн сумо бөхийн хөгжилд их аварга таны оруулсан хувь нэмэр үлэмж их гэдгийг цохон тэмдэглэе. Эрхэм таны сумогийн түүхэнд гаргасан их амжилтыг хүндэтгэн 2013 оны 1-р сард сумогийн 68 дахь их аварга төрөн гарсны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Сумо бөхийн холбоонд уламжлаад байгааг мэдэгдэхэд таатай байна” гэж мэндчилгээнд дурьджээ.
Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаж, Монгол эр хүний зориг, тэвчээр, бяр ухааныг зөвхөн Япон улсад төдийгүй бүх тив дэлхийд алдаршуулж чадсан их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж яг арван жилийн өмнө буюу 2002 оны 7-р сарын нагоё башёд анх удаа озэки цол, 11-р сарын Аки башёд анхны түрүүгээ авч байжээ. Мэргэжлийн сумо бөхийн Такасаго дэвжээнээс их аваргын энэхүү амжилтын гарааг билэгдэн мэндчилгээ дэвшүүлсэн нь цаанаа учир жанцантай аж. Тухайн үедээ тасраад байсан сумогийн их аваргын буухиа энэ үеэс шинээр эхэлж, сумогийн дэвжээнд Асашёорюү болон залуу озэки нараар манлайлуулсан цоо шинэ үе төрөн гарсан гэж судлаачид үздэг байна. Олон түмний итгэлийг дааж чадсан их аварга маань 2003 оны нэгдүгээр сарын Хацү башёд озэки Мүсоямаг даван сүмо бөхийн 68 их аварга цолыг хүртэж, Японы эзэн хааны цомыг анх удаа гарджээ. Түүний энэхүү түүхэн амжилтыг тэмдэглэн өнгөрүүлэх болсон нь Асашёорюү аваргын эзлэх орон зай сумогийн түүхэнд ямархуу нөлөөтэйг илтгэж буй хэрэг биз ээ.
16 настайдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн орж, 1999 онд анхны башёд барилдах эрхээ авснаас хойш мэргэжлийн сумод 11 жил зодоглохдоо их аварга маань 669 даваа авч, Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэн сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн юм. Мөн 2005 онд болсон зургаан башёд бүгдэд нь алгасалгүй түрүүлснээр бас нэгэн түүхэн дээд амжилтын эзэн болсон билээ.
Сумогийн түүхэнд төдийгүй дэлхийд брэнд болсон цөөхөн Монгол хүний нэг нь Аса аварга. Түүний фэнүүдийг нэрлэвэл домогт Жэт Ли, Сэлин Дион, Вилл Смит, Шарон стоун, Францын ерөнхийлөгч Жак Ширак гээд олон арван алдартнуудын нэрс цуварна.
“Би Монгол хүн, Би Монголын их аварга” хэмээн омогшдог хүүгийнхээ алдар гавьяа, амжилт, хөдөлмөрийг Монголын төр үнэлж Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолоо хүртээсэн билээ.
Д.Баатар
Сэтгэгдэл ( 0 )