Улирагч зууны жаран гурван оноос улбаатай энэхүү наадмын түрүүг бараг хагас жарны туршид зөвхөн аваргууд ээлж дараалан хүртэж ирсэн бол шинэ мянганы эхний он жилүүдэд “зургаан залуу заан”-ы үеийнхэн хүч түрэн орж ирж магнайлах болсон билээ. Үзүүр түрүү, шөвгийн дөрөв бүү хэл их шөвөг буюу шөвгийн наймд улсын цолгүй бөх үлдэх нь өдрийн од, шөнийн солонго шиг ховор байсан “уламжлал”-ыг эвдэж, сүүлийн хоёр жил дараалан аймаг, цэргийн цолтой бөх түрүүг нь хамсан нь улсын цолтнуудыг “ичээж” байгаа.
“Бага наадам”-аар улсын цолгүй бөх дээш цойлон гарч ирж дунд шөвөгт анх удаа шалгарч үлдсэн нь 1970 он буюу нохой жилийн сар шинийн нэгэнд зориулсан барилдаанд хамааралтай. Tэр жил зүүн, барууны жигүүрийг дархан аварга Д.Дамдин, Ж.Mөнхбатнар магнайлж, улсын залуу аварга Х.Баянмөнх (хожмын дархан аварга),улсын арслан Ч.Бээжин (хожмын улсын аварга), Д.Жамц, У.мижиддорж, Л.Сосорбарам нар удаалж гарсан бөгөөд жаран есөн оны идэрчүүдийн улсын аварга, арван наймхан настай залуу бөх Биндэряагийн Батхуяг аймгийн арслан Ц.Волоож, улсын заан Д.Барамсай, улсын арслан Д.Жамцнарыг өвдөг шороодуулан дөрөв давж шөвгийн наймд шалгарсан нь ёстой л дуулиан шуугиан дагуулсан байдаг бөлгөө.
Б.Tүвдэндорж аваргын шавь,багадаа эцэг эхээсээ хагацаж өнчирсөн,Пионерийн ордны бөхийн дугуйлангийн сурагч хүү Батхуяг том барилдаанд улсын цолгүй бөх дунд шөвөгт, ханхайсан аварга, арслан, заан, начингуудын дунд зогсоод үлдэж болдгийм байна гэдгийг харуулсан, олон залууст итгэл үнэмшил төрүүлсэн гавьяатан билээ. Tэрбээр тэр жилийнхээ улсын наадмаар дөрөв, дараажил нь тав давж арван есөн насандаа улсын начин цол хүртсэн байдаг. Батхуяг начны амжилтыг 1973 онд Говь-Алтай аймгийн арслан С.Буянт улсын начин Ц.Юүвээ, Д.Oдсүрэн,Д.Mягмар (улсын заан) нарыг, 1974 онд Булган аймгийн арслан P.Лхагвасүрэн улсын начин Ц.Юүвээ, улсын арслан Л.Сосорбарам, улсын аварга Ч.Бээжин нарыг, 1976 онд төв аймгийн арслан M.Загдсүрэн улсын заан Д.Барамсай, даян аварга С.Цэрэн нарыг, 1980 онд Баян-өлгий аймгийн арслан O.Бахыт улсын начин Ч.Амартүвшин (хожмын улсын заан), улсын начин Д.Амгаа(хожмын улсын заан), улсын начин Ё.Ишгэн (хожмын улсын заан) нарыг,1981 онд Өмнөговь аймгийн арслан Д.Багахүү улсын заан Д.Лхагвасүрэн,улсын заан М.Мөнгөн (одоогийн улсын арслан), улсын начин А.Баатархүү нарыг өвдөг шороодуулан дөрөв давж дунд шөвөгт шалгарснаар давтсан чэвдэж чадаагүй.
Тэд тавын даваанд ердөө “хоёр мөнх”-д л “даруулсан” байдаг. Тухайлах юм бол, Б.Батхуяг, С.Буянт,P.Лхагвасүрэн, M.Загдсүрэн нар Mөөеө аваргад, O.Бахыт, Д.Багахүү нар Баянаа аваргад тахимаа өгсөн байдаг агаад дараа, дараагийн жилүүдэд бүгд улсын цолд хүрчээ. Жил жилийн цагаан сараас 1981 оны тахиа жилийн цагаан сарын барилдаан тун “халуун” болсон тухай бөхчүүд, бөхийн хорхойтнууд ам дамжуулан өгүүлэх нь бий. Цагаан сараас хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөхчүүд, тэр дундаа хөдөө, орон нутагт ажиллаж амьдардаг хүчитнүүд бараг бүгд зодоглосон нь барилдааныг амттай, чимэгтэй болгож орхисон хэрэг. Улсын аваргын “уран барилдааны тусгай шагналт” өмнөговийн Д.Багахүү, Сүхбаатарын Ж.Чулуун начин, Увсын Ө.Тулгаа начин, Булганы Ж.Бор, Баян-өлгийн O.Бахыт, Хөвсгөлийн Д.Дамдинсүрэн, Өвөрхангайн Б.Пүрэвтогоо, С.Сосорбарам... нарын дунд Говь-Алтай аймгийн арслан Д.Нэмэхбаяр байсан бөлгөө.
Тэр өдөр Д.Нэмэхбаяр арслангийн од гийж, улсын начин С.Жамц, улсын арслан Ж.Хайдав, улсын заан Д.Долгорсүрэн, улсын начин Д.Галдандагва нарыг дараалан хаяж тав давсан нь цагаан сарын барилдааны их шөвөг буюу дөрөвт улсын цолгүй бөх шалгарсан анхны тохиолын эзэн болох хувьтай байж. Аймгаа төлөөлөн улсын аваргын тэмцээнд оролцчихоод нутаг буцахын зуурт бага наадамд барилдаад шуугиулчихсан түүний салхинд Спортын төв ордон хуйгаараа долгилж байсан гэдэг ээ. Хожим нь 1986 онд улсын начин болсон Д.Нэмэхбаярын цагаан сараар гаргасан дээрх амжилт 1998 оны шороон бар жилийг хүртэл дархлагдан хадгалагдсан билээ. өөрөөр хэлбэл, улсын цолтнууд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд цагаан сараар шөвгийн дөрөвт хүртэл дээш арсаж барилдах боломжийг арван долоон жилийн турш олгоогүй гэсэн үг.
Ерээд оны дундуураас нэр нь дуулдаж, ордонд “том” Сүхбатыг доогуур даваанд “хугацаанаас нь өмнө” өвдөг шороодуулан шуугиан дэгдээж гарч ирсэн Увс аймгийн залуу арслан Б.Ганбатыг бар жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаар Б.БатЭрдэнэ аваргаас бусад нь тогтоож хүчрээгүй. Улсын начин Н.Алтансүх, Г.Бат-Амгалан, Ч.Батзориг (одоогийн улсын заан), цэргийн арслан Ц.мягмарсүрэн (одоогийн улсын заан), улсын заан Г.Өсөхбаяр (одоогийн даян аварга), улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ... бүгд л түүний гарын үзүүрт түүдэг шиг өнхрөөд өгсөн. Улсын цолгүй бөх цагаан сарын барилдаанд үзүүрлэж болдгийг тэр ингэж харуулсан. Энэ нь уламжлалт бага наадмын түүхэнд байгаагүй үзүүлэлт, гараагүй амжилт байв.
Түүний энэ амжилтыг хоёр жилийн дараа давтсан нь Сүхбаатар аймгийн арслан Ц.Магалжав. Ц.Магалжав улсын начин Д.Сэржбүдээ, о.одгэрэл (одоогийн улсын заан), И.Доржсамбуу (одоогийн улсын гарьд), улсын заан Ц.Баярсайхан, улсын аварга O.Балжинням, улсын заан А.Сүхбат (одоогийн даян аварга) нарыг даваад мөн л Б.Бат-Эрдэнэ аваргад унаж үзүүрлэсэн билээ. Хэрвээ, 2010 оны бар жилийн цагаан сараар Архангай аймгийн уугуул, цэргийн арслан Ч.Санжаадамба барилдаагүй бол Б.Ганбатын арван хоёр жилийн өмнөх үзүүрлэсэн амжилт эвдэгдэхгүй байхсан биз. Арван он гаруут болсон гурав, дөрвөн том барилдаанд босоо үлдсэн Санжаадамбыг цагаан сараар “юм” дуулгах нь гэж хэн хүнгүй л хэлцэн шагшиж байсан.
Tэр ерөөлөөр болж “юм” дуулгасан. Дуулгах дуулгахдаа бүр өвдөг шороодолгүй магнайлснаараа сар шинийн баярт зориулсан уламжлалт бага наадамд түрүүлсэн улсын цолгүй анхны бөх болон тодорсон бөлгөө. Ид хавыг гайхуулан аймгийн начин П.Бүрэнтөгс (одоогийн аймгийн арслан), улсын харцага Ө.Бат-орших, улсын харцага Г.Элбэг, улсын заан Б.Ганбат (одоогийн улсын арслан), улсын арслан Д.Ганхуяг, даян аварга Г.Өсөхбаяр нартай хийсэн түүний тулаан болгон нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байсан бөлгөө.
Түүний амжилтыг өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар давтаж, улсын цолтнуудад боломж олгоогүй түрүүлсэн. Улсын цолгүй байхдаа “дээш” цойлсон бөхчүүдээс өдгөө Б.Ганбат улсын арслан, Ц.Магалжав улсын харцага, Ч.Санжаадамба улсын заан цол хүртээд байна. Ш.Мөнгөнбаатар мөн удахгүй улсын өндөр цолд хүрэх биз ээ. Цагаан сарын барилдаан цаанаа л нэг бөхчүүдийн айсуй цагийнх нь өнгийг шинжсэн, тодруулсан, товойлгосон, “давааны цаадах даваа”-г харуулсан сорилго болдог нь эндээс харахад илэрхий.
Сэтгэгдэл ( 0 )