Катарчууд хиймэл үүлээр нарыг халхална

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

2022 онд Катарт хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр зочилсон фанатууд хиймэл үүлний сүүдэрт сэрүүцэн, тав тухтай тоглолт үзэх гэнэ. Катарын эрдэмтэд үүнийг бололцоотой гэж үзэж байгаа бөгөөд судалгааны ажил тун урагштай явж байгаа аж. Тус улсын Их сургуулийн эрдэмтэд тоглолт явагдах цэнгэлдэх болон бэлтгэлийн талбайг нарнаас бүрэн халхалж чадах хиймэл үүл зохион бүтээж байгаа юм байна. Үүл бүр нь 500,000 ам.долларын өртгөөр бүтээгдэх гэнэ. Катарын их сургуулийн механик, үйлдвэрлэлийн сургуулийн захирал Сауд Абдил Гани энэ талаар "Үүлийг 100 хувь хөнгөн нүүрстөрөгчийн хийгээр бүтээж байгаа. Мөн дөрвөн нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүртэй. Түүнийг нь алсын удирдлагаар хянаж болно. Үүл хэдий хэрийн өндөрт хөөрч чадахыг одоогоор тодорхой судлаагүй байна. Гэхдээ нарны гэрлийг хангалттай халхалж чадах байх" гэжээ.

Өнгөрсөн оны 12 сард Катарыг 2022 оны ДАШТ-ий зохион байгуулагчаар зарласны дараа олон шүүмжлэл гарч ирсэн. Ялангуяа зундаа цельсийн нэмэх 50 хэм хүрдэг энэ оронд хөлбөмбөгийн их баяр наадмыг зохион байгуулах нь бүтэшгүй хэрэг хэмээж шүүмжилж байсан юм. Үүний дараа ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Блаттер тэмцээнийг өвөл зохион байгуулах талаар санал гаргасан ч дэмжигдээгүй. Азийн хөлбөмбөгийн холбоо ч үүнийг баталж тэмцээн зун болдгоороо болно хэмээн зарласан билээ.  2022 оноос өмнө 2018 оны ДАШТ манай хойд хөрш ОХУ-д болно.
Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top