Засгийн газрын тэргүүн Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагыг хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо (FIFA), МХБХолбоо хэрэгжүүлэхээр болсон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн ажлын явц болон МХБХ-ны ойрын болон хэтийн хугацаанд хийх ажлуудын талаар танилцуулахаар  Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд зочиллоо.  

 

Уулзалтын үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболдыг FIFA-ийн 17 хүртэл насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр сонгогдсон явдалд Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэсэн байна. Ялангуяа Монгол хүн хөлбөмбөгийн дээд байгууллагын удирдлагад сонгогдон амжилттай ажиллаж байгаа явдал нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн байна.

 

“Хүүхэд – Хөлбөмбөг -Ирээдүй” хөтөлбөр албан ёсны нээлт 2012 оны 5 дугаар сард болох бөгөөд нийт 21 аймаг, 9 дүүргийн 200,000 охид, хөвгүүд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарыг хамран 2012 оны 10 дугаар сард хаалтаа хийх ажээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд FIFA анхаарлаа хандуулж байгаа бөгөөд эхний 5 аймагт FIFA туслалцаа үзүүлэхээр болоод байна.

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top