Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга С.Мөнхбаттай ярилцлаа.
-Залуу аварга сар шинийн барилдаанд одтой сайхан барилдаж түрүүлсэн. Цагаан сарын барилдааны хууч тасраагүй байна. Энэ барилдааны тухай ярихгүй юу?
-Юуны өмнө "Баясгалан" хэмээх усан луу жилийн сар шинийн мэндийг ард түмэндээ хүргэе. Цагаан сар бол яах аргагүй Монголын ард түмний хамгийн том баяр юм. Сар шинийн баярт зориулсан энэ барилдаан нь улсын наадмын дараа ордог. Эртнээсээ бага наадам гэж нэрлэж ирсэн, Уг барилдаанд аварга цолтой зодоглож түрүүлэн түмэн олноо баясгасандаа баяртай байна.
-Төрийн баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудад үзүүр, түрүүнд хэд хэд шалгарсан болохоор түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан байх?
-Ер нь сайхан барилдаж түмэн олноо баярлуулчих юмсан гэж бодож байлаа. Санасандаа хүртэл барилдаж чадсан болохоор сэтгэл хангалуун байна. Ямар ч бөх давахсан, түрүүлчих юмсан гэж барилддаг.
-Үзүүр түрүүнд Х.Мөнхбаатар арслантай барилдаж байхдаа мөрөн дээр нь эвгүй дарах шиг болсон. Хэсэг хүмүүс барилдааны явцад гарсан санамсаргүй алдаа, зарим нь аварга зангаргаа гаргаж байна гэж ярьж байсан?
-Монгол эр хүн тэр дундаа бөх хүн хэзээ ч бие биеэ гэмтээнэ гэж барилддаггүй. Хэрэв тийм бол тэр хүнийг өнөөдөр бөх гэхэд хэцүү. Сая болж өнгөрсөн цагаан сарын барилдааны тухайд би ямар нэгэн ёс бус барилдаан гаргаж бэртэл гэмтэл учруулъя гэж бодоогүй. Барилдааны явцад тиймэрхүү эвгүй байдал гарсан байх. Хүмүүс бас гадуур муухай ярих юм. Аварга гэхээр хүн бэртээдэг, зангараг гаргадаг байж болохгүй. Том цолтой болох тусмаа ёс жудагтай доод цолтой бөхчүүдээ хайрлаж, хүндэтгэдэг үлгэр жишээ байх хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш цолондоо аархаж хүнийг чанга хаядаг ч юм уу, хүнд унадаггүй гэсэн ташаа ойлголт байж болохгүй.
-Сар шинийн дараахан танаас ярилцлага авах гээд таны утас руу залгахад холбогдохгүй байсан. Цагаан сараар хөдөө явж шинэлсэн юм уу?
-Улаанбаатар хотод л шинэлсэн дээ. Хөдөө явж амжаагүй л явна.
-Нугаг руугаа хэзээ явах гэж байна?
-Одоохондоо амжихгүй байх. Нутаг хол болохоор цаг зав гаргаж явна. Хавартаа л нэг очих байх. Ойрмогхон бэлтгэлтэй байгаа.
-А.Сүхбат аварга оны өмнө манай сонинд ярилцлагадаа таныг хамт бэлтгэл хийж байгаа гэсэн. Аваргатай хамт бэлтгэл хийж байхад сурах зүйл мэдээж байсан байлгүй?
-А.Сүхбат аваргатай багш шавь болоод байнгын бэлтгэл хийгээд байгаа юм алга. Аваргын тухайд "Шонхор" биеийн тамирын дээд сургуулийг төгсөж бөхийн гараагаа эхэлж байсан. Миний хувьд мөн энэ сургуулиас тамирчин болох гараагаа эхэлсэн. Тэр утгаараа аваргын үүсгэн байгуулсан "Олимп" сургууль дээр түүний урилгаар ганц хоёр удаа бэлтгэл хийсэн. Аваргын зүгээс надад зааж зөвлөсөн зүйл байлгүй яахав. "Олимп" дэвжээнээс сүүлийн үед амжилттай сайн барилдаж байгаа олон залуус бий. А.Сүхбат аваргын бөхийн спортод зориулж буй олон буянтай үйлсийн нэг нь энэ сургууль гэж боддог.
-А.Сүхбат аваргыг хүмүүс цагаан хоолтон болж жин хасаад баруун зүүн гарын аясаар явчихдаг болсон байна гээд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл яриад байгаа. Хамт бэлтгэл базаасан хүний амнаас үг сонсморр байна л даа?
-Мэдэхгүй юм. Аварга өнөөдөр барилдаж байсан бол дээгүүр барилдах байсан байх. Цагаан хоолтон болсон энэ тэрийнх нь тухай сайн мэдэхгүй байна.
-Таны аав Сүхбаатар гуай "Олон ой давхацсан төрийн наадмын түрүү бөхөөр миний хүү тодорлоо. Үүн шиг баяр амьдралд минь тохиож байсангүй" гэж байсан. Төрүүлж өстөсөн аав, ижийгээ баярлуулах шиг том бэлэг хаана байхав...?
-Мэдээж хүний эцэг эх гэдэг үр хүүхдээ сайн сайхан явахад баярладаг. Энэ утгаараа миний аав хүүгээ төрийн наадмын барилдаанаас том цол хүртэхэд хэмжээлшгүй баярласан байх. Хүн болгон ааа, ээжийнхээ ачийг хариулах юмсан гэж боддог байлгүй. Шүүдрийн усаар цай чанаж баярлуулж чадахгүй ч намайг бөх болгоно гэж хөтөлж явсан аавынхаа ачийг хариулж байгаадаа сэтгэл өөдрөг явдаг.
-Төрийн наадмын үзүүр, түрүүнд үлдчихээд зогсож байхад юу бодогддог юм бол. Бөх хүн болгонд тохиогоод байхгүй ховорхон мөч шүү?
-Өнгөрсөн жилийн наадмаар үзүүр, түрүүнд үлчихээд зогсч байхдаа түрүүлчих юмсан гэх бодоогүй. Сайхан барилдаж хүчээ үзье гэсэн бодол л байсан.
-Өмнөх жилийнх нь наадмаар Г.Эрхэмбаяр арслантай мөн таарч барилдаад давж байсан. Сэтгэл зүйн хувьд арай илүү байсан болов уу?
-Г.Эрхэмбаяр арслангийн хувьд миний хүндэлж явдаг бөхчүүдийн нэг. Монгол эр хүний ноён нуруу, ёс жудгийг тээсэн ховор бөхчүүдийн нэг гэж боддог. Төрийн наадамд хоёр удаа таарч барилдахад 2010 онд тавын даваанд өвдөг шороодон харамсангүй байсан. Бөх хүн нэг өдрийн барилдааны төлөө нэг жил цаашлаад залуу насаа харамгүй зориулсан байдаг болохоор аргагүй юм. Өнгөрсөн жилийн наадмын түрүү үзүүрт бид хоёр үлдээд түүнийг өвдөглүүлэхэд тахимаа өгөхдөө Г.Эрхэмбаяр арслан инээмсэглээд босоод ирсэн. Түүний инээмсэглэсэн царайг хараад маш их баярласан. Унасан хүн ууртай байх болов уу гэтэл инээгээд зогсож байсан нь надад сайхан санагдаж байлаа.
-"Шонхор" биеийн тамирын дээд сургуульд өнөөгийн ямар хүчтэнүүдтэй нэг ангид сурч байсан бэ?
-Манай ангийнхнаас өнөөдөр аймгийн цолтой хэд хэдэн бөхчүүд барилдаж байгаа. Дээд талын ангид улсын харцага Ө.Даваабаатар, доод ангид өнөө жил улсын начин цол хүртсэн Б.Батмөнх гээд олон залуус байсан. Хүн болж төрсний хамаг сайхан дурсамж оюутан цагтай холбоотой. Ялангуяа бөхийн сургуулийн оюутан болно гэдэг өмнөө том зорилготой байна гэсэн үг. Аймаг, сумаас 50 гаруй залуу манай ангид бөх болох гэж ирээд өнөөдөр би ганцаараа улсын өндөр цолонд хүрсэн байна. Олон найзуудын маань эрэмгий барилдаан, зорилгодоо хүрэх гэсэн шийдэмгий зан чанар нь намайг улсын цолонд хүрэх эхлэл байж ээ гэж боддог.
-Эмэгтэйчүүдийн баярын өдөр болоод өнгөрлөө. Гэргийгээ хэрхэн баярлуулсан бол оо?
-Сүртэй баярлуулж чадаагүй ээ. Би баяр ёслолыг даруухан тэмдэглэж өнгөрүүлэх дуртай.
-Ээжийнхээ тухай ярихгүй юу. Хүмүүс аваргыг төрүүлсэн ээж нь ямар хүн байдаг бол гэж сонирхож магадгүй?
-Миний ээж бусад ээжүүдийн адил үрийнхээ төлөө сэтгэлээ чилээж явдаг хүн бий. Бидний төлөө бүх насаа зориулсан хүн дээ.
-Та аав, ээжээс хэдүүлээ вэ?
-Аав, ээжээс тавуулаа. Дээрээ нэг эгч, доороо гурван эрэгтэй дүүтэй.
-Таны дүү нараас барилдаж байгаа хүн байна уу?
-Одоогоор барилдаад байгаа хүн алга. Бага дүү харин барилдах сонирхолтой. Бэлтгэл хийж эхэлсэн.
-Мартын 8-ыг залгаад эр цэргийн баяр болно. Аварга маань цэргийн алба хаасан уу?
-Цэргийн алба хаагаагүй. Гэхдээ багаасаа цэргийн хүн болохыг мөрөөддөг байв. Цэмбэн шинель, цэрэг хром өмссөн ах нар сайхан харагддаг байлаа. Би хилийн цэргийн дээд сургуульд сурч байсан. Одоо хилийн цэрэгт хошууч цолтой ажилладаг.
-Цэргийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Цэргийн баярыг ч мөн сүрхий тэмдэглээд байдаггүй юм аа.
-Тэгвэл та ямар баярт дуртай юм бэ?
-Миний хамгийн дуртай ач холбогдол өгч тэмдэглэдэг баяр бол цагаан сар. Хол байгаа ах дүү нартайгаа уулзана. Хүмүүс сайхан гэсэн хувцсаа өмсч ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Монгол орон даяараа л дор бүрнээ хичээж тэмдэглэдэг болохоор би ч мөн хүндэтгэлтэй ханддаг. Хаврын дэлгэр цагийг угтаж буй том баяр шүү.
-Сүхбаатар гуайг сумын заан цолтой бөх хүн гэж сонссон. Танай удмаас өөр барилддаг хүн байдаг болов уу?
-Айхтар барилддаг хүн байхгүй. Аав сумын заан цолтой. Нагац ах цэргийн заан цолтой бөх хүн байсан.
-Бөхийн спортоор хичээллэж эхэлсэн үеэ дурсахгүй юу?
-Хөлд орох цагаасаа ноцолдож өссөн. Оюутан болж ирэхдээ бөхийг зорилгоо болгож түүндээ хүрэхийн тулд цаг үргэлж хичээдэг байлаа. Дунд сургуулийн ес, аравдугаар ангиасаа хойш тууштай барилдсан.
-Таныг багадаа өсвөрийн үндэсний бөхийн улсын аваргад зодоглож явсан гэдэг?
-Өсвөрийн үндэсний бөхийн улсын аваргад анх 2002 онд Улаанбаатар хотод ирж барилдсан. Аймгаасаа ахлах насанд одоогийн аймгийн начин Болд гэж найзтайгаа ирж оролцсон. Ганц удаа туг тойрчих юмсан гэж бодож байлаа шүү дээ. Хотын том биетэй хүүхдүүдийг хараад айна. Хамгийн жижиг биетэй нь би байсан юм. Хурган дотортой торгон дээлтэй ирж зодоглосон энэ барилдаан анхны минь том тэмцээн байж билээ. Өөрийнхөө бодож байснаас илүү барилдаж Болдоо маань зургаа, би долдугаар байрт шалгарсан. Тэр үед аймаг бүрээс нас насанд 2, 3 хүүхэд барилддаг байсан. 21 аймаг есөн дүүрэг гэхээр олон хүүхэд барилдсан байгаа биз. Улсын аваргад манай үед ид барилдаж байгаа бөхчүүд бүгд оролцсон. М.Өсөхбаяр заан түрүүлж, Говь-Алтай аймгийн улсын начин Л.Гантулга хоёрт, Олимпийн аварга Н.Түвшинбаяр гуравт орж хүрэл медаль хүртэж байсан. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ. Б.Соронзонболд, Ч.Санжаадамба нарын заанууд, Ө.Даваа-баатар, А.Бямбажав нарын харцагууд, П.Ганхүү начин гээд өнөөдөр сайн барилдаж байгаа бөхчүүд тэр жилийн улсын аваргад зодоглосон байдаг.
-Ингэхэд та хэдэн онд төрсөн 6э?
-Би 1984 он буюу модон хулгана жил Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 28 настай.
-Та бусад бөхчүүдээс харьцангүй бие жижиг харагддаг. Таны жин, өндөр хэд вэ?
-Миний өндөр 178 см. Харин жингийн хувьд 110 гаруй кг байгаа байх.
-Та богино хугацаанд олон өндөр цолонд хүрсэн цоон бөхийн нэг...?
-Бөхийн зүлэг ногоон дэвжээний буян, хамт бэлтгэл сургуулилт хийдэг бөхчүүдийн хүч хөдөлмөрийн үр дүн юм болов уу. Би гурван жилийн хугацаанд таван том цолонд хүрсэн байдаг юм. 2009 онд бүх цэргийн наадмаар цэргийн арслан, жилдээ улсын начин цол хүртсэн. 2010 оны улсын баяраар харцага цолны эзэн болсон. Өнгөрсөн жилийн хувьд одтой сайдан барилдаж улсын арслан цолонд хүрч хэдхэн мөчийн дараа аварга цол хүртсэн. Нэг өдөр хоёр том цол авсан болохоор өөрөөрөө бахархдаг шүү.
-Залуу аваргын халааг ямар бөх залгах бол. Хүмүүс Санжаадамба зааныг гэх юм билээ?
-Тэрийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Хэн их хичээж, зүтгэсэн хүн нь өндөр цолонд хүрэх байх. Энэ том өрсөлдөөн дундаас хэний аавын хүү цойлон гарч ирэхийг таахын аргагүй. Санжаадамба зааны тухайд бидний үед ид хавыг үзүүлэн сайхан барилдаж байгаа бөх.
-Аварга цол хүртсэнээсээ хойш томоохон барилдаануудаас бусад барилдаанд зодоглож харагдахгүй юм. Үззгчид уран барилдаантай, өндөр цолтой бөхчүүдээ харах гэж ихэвчлэн цугладаг шүү дээ...
-Бэлтгэл сургуулилтаас шалтгаалж барилддаг. Гэхдээ би өөрийгөө олон барилдаан өнжсөн гэж бодохгүй байна.
-Аваргын гэр бүлийг хүмүүс их сонирхдог. Та тэр болгон ярилцлага өгч гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Сарангэрэл гэдэг. Улсын ерөнхий прокурорын газрын Сонгинохайрхан, Баянгол дүүрэг хариуцсан нягтлангаар ажилладаг. Бид нэг нутаг усны хоёр. Тэр дундаа нэг сургуульд сурч байлаа. Бид хоёр нэг охинтой. Бусдын жишгээр амьдарч явна.
-Сүүлийн үед Увсаас бөх, дуучин хоёр олширлоо гэх болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Мэдэхгүй юм. Нутгийн онцлог, уур амьсгал нөлөөлдөг байх. Манай нутгийнхан өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 50 хэмийн байгалийн эрс тэс уур амьсгалд амьдардаг. Энэ ч бас нөлөөлдөг байж болох юм.
-Гарын бэртлээсээ болж эмнэлэгт хэвтсэн гэсэн, одоо гайгүй юу?
-Эрх чөлөөний 100 жилийн ойд зориулсан барилдааны үзүүр, түрүүнд улсын харцага Ц.Содномдоржтой барилдаж байхдаа гараа гэмтээсэн. Гар бугуйгаараа хөдлөхөө болиод хэд хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.
Э.ЭНХБОЛД Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
"Өдрийн сонин"
Сэтгэгдэл ( 0 )