Аварга А.Сүхбат МАХН-аас, Д.Сумъяабазар МАН-аас, Улсын гарьд Б.Гантогтох ардчилсан намаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 26




Энэ УИХ олон бөхтэй. Дархан аваргаас эхлээд сүмоч хүртэл бий. Гэвч ирэх 2012 оны УИХ-д тэднээс ч олон бөх зодоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Наадмын дэвжээн дээр зодог тайлж, олон хүнийг бухимдуулж байсан Далай аварга А.Сүхбат бизнес хийхийн зэрэгцээгээр улс төрд хөл тавих бэлтгэлээ базааж байна. Тэрбээр ирэх 2012 оны сонгуульд Төв аймагт МАХН-аас нэр дэвшихээр болжээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай тэр эртний найзууд. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, намын дарга болж ид мандан бадарч байх үед А.Сүхбат, дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн хамтаар МАХН-ын удирдлагуудтай ойр байж, сонгуулийн ажилд ил далд оролцож явсан гэнэ.

Тиймээс МАХН-д элсэж, тус намаас нэр дэвших тийм ч хэцүү биш байгаа бололтой. Харин Далай аварга А.Сүхбатын өрсөлдөгчид тун ширүүн. Тэр төрсөн нутагтаа нэр дэвшиж, МУ-ын шадар сайд М.Энхболд тэргүүтэй    томчуудтай өрсөлдөх болоод байгаа юм. А.Сүхбат аварга сонгуулийнхаа бэлтгэл ажилд хэдийнээ орж, аймгийн төвөөр зочилж, уулзалт ярилцлаганаас хоцрохгүй ирдэг болоод байгаа гэнэ.

Төв аймгийн нутаг дээр бугын Сангийн аж ахуй байгуулж, хотын төвд байр байшин барьж байгаа Дархан аваргад мөнгө төгрөг, танил тал, нэр хүнд дутахгүй учраас түүнийг дэмжигчид багагүй байх нь мэдээж.


Тэгвэл Далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн хүү Улсын гарьд Б.Гантогтох АН-аас Увс аймагт нэр дэвшихээр дарга нартай тохиролцоогоо хийж амжсан сурагтай. Б.Гантогтох гарьд "Чамин алт" нэртэй, гадны хөрөнгө оруулаптгай компани байгуулж, Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэвч Урт нэртэй хууль батлагдаж, олон алтны компаниудын лицензийг хураах болсон нь Б.Гантогтох гарьдыг бухимдуулж байгаа гэнэ.

Энэ хуулийн хоморгонд Улсын гарьд өртөж, компаниа хаалгах дээрээ тулаад байгаа учраас "Уул уурхайн салбараа аваръя" нэртэй хөдөлгөөнд нэгдэж, хурал, чуулганд тун ч идэвхитэй оролцож байна. Нэгэн үе олныг шуугиулж явсан идэр залуу зургаан заан бүгд л улс төр , бизнест хөл тавиад байгаа. Өсөхбаяр аварга байшин барьж, А.Сүхбат аварга архи үйлдвэрлэж, Д.Сумьяабазар Ардын намын Бага хурлын гишүүнээр хүртэл сонгогдсон.    


Тиймээс Улсын гарьд Б.Гантогтохын энэ тэмцлийг олон хүн дэмжиж байна. Олон таван үггүй, хэзээ ч элдэв хэл аманд өртөж, ямар нэг бохир наймаа, архи дарс, авгай хүүхний асуудалд нэр холбогдож байгаагүй Б.Гантогтох гарьд ирэх 2012 оны сонгуульд Увс аймгаас хүч үзэхээр шийджээ. Баянаа аварга ч байс Увсад нэр дэвшиж байсан. Гантогтох гарьдыг, бас Баянаа аваргыг Увсчууд дэмжиж хүлээж авна гэдэгт АН-ын дарга итгэлтэй байгаа гэсэн.

МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүдийн дотроос аварга Д.Сумьяабазар тун содон харагддаг. Намын Бага хуралд тун идэвхитэй оролцдог аварга маань ирэх 2012 оны сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвших сонирхолтой байгаагаа нуухгүй байна. Барилгын бизнес эрхлэж, банкны захирлаар ажиллаж чамгүй хөлжсөн Д.Сумьяабазарт МАН-ын дарга нар Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос дэмжлэг авч чадвал нэр дэвшиж болно" гэдэг утгатай зүйл хэлсэн гэнэ.

А.Сүхбат    аварга сонгуулийн сурталчилгаандаа Дархан аварга Ж.Мөнхбатыг дагуулж явна. Ж.Мөнхбат аварга одоогоос олон жилийн өмнө Төв аймагт нэр дэвшиж, "Увсчууд Баянмөнхийг сонгоно гэж байна лээ. Та нар надад санал өгөх эсэхээ өөрөө мэднэ биз" хэмээн үг хаяж, чамгүй өндөр санал цуглуулж чадсан туршлагатай "улс төрч". Харин Б.Гантогтохыг нэр дэвшихэд хамгийн их дэмжиж байгаа хүн бол Дархан аварга Х.Баянмөнх. Тэгвэл сүмогийн их аварга Д.Дагвадорж ахынхаа сурталчилгааны хамгийн гол менежер байх нь дамжиггүй.

Эх сурвалж: "Тэргүүн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top