Даян аварга Г.Өсөхбаярыг МАХН-д элссэн гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Мэдээлэл бодитой эсэх талаар Даян аварга Г.Өсөхбаяр өөрөө ийн хариулт өглөө.
-Г.Өсөхбаяр аварга МАХН-д элссэн гэх мэдээлэл гарсан. Мэдээлэл бодитой эсэхэд албан ёсоор хариулт өгнө үү?
-Өчигдөр өдөр тутмын хэвлэл дээр намайг МАХН-д эллсэн гэж бичсэн талаар сонслоо. Өнөөдөр өөрөө тэр мэдээлэл гарсан сонинг нь олж уншлаа. Үндэслэлгүй мэдээлэл байна. Би МАХН-д элсээгүй. Сонин дээр ийм мэдээлэл гарангуут БХЯ, ЗХЖШ-аас юу болов, яав гэж миний утас уруу залгаж асуусан.
-Сонгууль ойртох тусам улстөрийн намууд олны танил, алдартай хүмүүсийг манай намд элссэн гэх мэтээр PR хийж байна. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Энэ асуудлыг нэг их дэвэргээд яахав. Хүн болгон намайг цэргийн мөрдэстэй гэдгийг мэднэ. Цэргийн хүн аль нэг намд элсэх нь утгагүй. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Цэргийн байгууллагын мөрдэстэй хүмүүс улс төржих ёсгүй.
-Энэ жил олимп болно. Өнгөрсөн сард болсон тэмцээнээс чөлөөт бөхийн тамирчид эрх авч чадсангүй буцлаа.
-Сая олимпийн эрх авах эхний тэмцээн боллоо. Ахиад хоёр тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Боломжуудыг аль болох ашиглахыг хичээх хэрэгтэй. Сая бүтэн багаараа явсан ч олимпийн эрхгүй ирлээ.
-Та тамирчдаа хэр дэмжиж байгаа вэ?
-Би Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Бөхчүүд маань тодорхой амжилтуудыг гаргадаг. Аливаа тэмцээнээс ганзага хоосон ирсэн гэж хэлж болохгүй. Сүүлийн хоёр гурван тэмцээнд оролцож ДАШТ- ээс хэд хэдэн медальтай ирсэн. Эрэгтэй багт жаахан анхаарах асуудал бий. Эмэгтэйчүүд маань сайн барилдаж байгаа.
-Чөлөөт бөхийн тамирчид гэлтгүй бусад тамирчдаас хэр их амжилт гарна гэж хүлээж байгаа вэ?
-Бадар-Ууган аварга бэртлийн улмаас олимпод оролцож чадахгүй хэмээн уучлалт гуйсан байсан. Ер нь тамирчин хүн гэмтэж бэртэх маш осолтой. Ганц хуруу өвдөж байсан ч хэцүү байдаг. Гэхдээ Лондонгийн олимпод манай тамирчид амжилттай оролцох байх гэж найдаж байна. Бээжингийн олимпод оролцоод асар өндөр амжилт гаргасан. Гэхдээ ард түмэн Бээжингийн олимпод гаргасан амжилтийг давтаасай хэмээн хүлээж байгаа болов уу. Спорт гэдэг их хэцүү. Дэлхийн таван тивийн шилэгдмэл хүмүүс очиж байгаа. Тэр өдрийн тэнгэр мэдэх биз. Аз хийморь нь байвал Монголчууд амжилттай оролцох байх.
-Төр засгийн зүгээс тамирчдаа анхаардаг болсон. Тэр утгаараа чөлөөт бөхийн тамирчдийн бэлтгэл сургуулилтаа хангах орчин нөхцөл хэр байгаа вэ?
-Сүүлийн үед төрөөс их анхаарч байгаа. Тэр хэрээрээ спортын амжилт дээшээ ахиж байна. Биднийг бөх барилдаж эхэлсэн 1990 оны эхэн үед их хэцүү байсан. Тэмцээн уралдаанд явах болж зардал мөнгө хайдаг байсан. Ер нь тэр үед тамирчид гэлтгүй монголчууд ч их хүнд байсан. Улс орны хөгжлөө дагаад төр засаг нь спортоо дэмждэг болсон байна.
-Манай чөлөөтийн тамирчид хаана бэлтгэл хийж байгаа вэ. Та эргэж тойрч байна уу?
-Тамирчид гадаад, дотоодод янз бүрийн байдлаар бэлтгэл хийж байгаа байх. Манай чөлөөтийнхөн эх орондоо бэлтгэлээ хийж байгаа. Ер нь манай алдарт сдорт хорооныхон Лондонгийн олимпод оролцох гурван эрх авсан. Буудлагын төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Урт бууны төрөлд Баяраа маань эрх авсан. Байт харвааны Жавзмаа олимпийн эрх авсан. Эдгээр хүмүүс гадаадад бэлтгэлээ хийж байна. Буудлагынхан Германд хамтарсан бэлтгэл хийж байна. Байт харвааныхан Таиваньд байгаа.
-Улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжжээ. Иргэний хөдөлгөөнүүд ч жагсаж байна. Иргэн хүний хувьд эдгээр үйл явдлыг хараад ямар дүгнэлт хийж байгаа бол?
-Би нэг айхтар дүгнэлт хийдэггүй. Гэхдээ улс орныхоо хөгжлийн төлөө тэгдэг байх гэж ойлгодог. Заримдаа бодитой зүйл ярьж байгаасай гэж боддог. Өнөөдөр нэг зүйл, маргааш өөр зүйл ярьж хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. Санал бодол нь битгий зөрж байгаасай. Эх орныхоо төлөө ард түмний төлөө ихийг бүтээгээсэй. Монгол Улс цөөхөн хүн амтай. Өргөн уудам нутаг дэвсгэртэй. Байгалийн их баялагтай. Сайн менежер байж тэр болгонийг зөв удирдаж сайн ажиллаасай гэж бодох юм.
Б.Саруул
Эх сурвалж: "Unen.mn"
Сэтгэгдэл ( 0 )