Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаанд манай бөх Какирюү М.Ананд түрүүлэх хэмжээнд барилдаж, 13 даваа хоёр унаатай тэмцээнийг дуусгасан. Тэрбээр тэмцээний сүүлчийн өдөр Их аварга Хакухотой нэмэлт барилдаан хийж ялагдсанаар түрүүлэх боломжоо алдсан юм. Гэвч Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос түүнийг 13 буюу түүнээс дээш даваа авбал Озэки цол олгоно гэж мэдэгдсэн. Тэрбээр гуравдугаар сарын барилдаанд 13 даваа авснаар гурван башёгийн нийлбэр дүнгээр 33 даваа авч, Озэки цолны болзлоо хангасан юм. Тиймээс холбоо мэдэгдсэн ёсоор түүнд цолыг нь албан ёсоор өгсөн байна. Ийнхүү М.Ананд сүмогийн түүхэнд Озэки цол хүртсэн ес дэх гадаад бөх болж байна.
Сэтгэгдэл ( 0 )