Манай спортын ахмад зүтгэлтэн , сурган хүмүүжүүлэгч нар муудалцаж гар зөрүүлжээ. Хүндийг өргөлтийн ахмад дасгалжуулагч С. Хөхөө багшийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа бэлтгэл хийлгэж байхад нь ҮБТДС-ын захирал, доктор Г.Лхагвасүрэн хамар руу нь цохиж хугалснаас гадна мөрийг нь мултартал зодсон байна. Уг зодоон болох үед хүндийг өргөлтийн тамирчид бүгд байсан бөгөөд хүндийг өргөлтийн багийн эмч тэр даруй С.Хөхөө багшийн мултарсан мөрийг оруулжээ. Бэлтгэлийн үеэр тамирчид мөрөө мултрах явдал цөөнгүй гардаг бөгөөд дасгалжуулагчаа шаналахыг нь харж чадалгүй тэр даруй мөрийг нь оруулсан гэнэ. Тэдний зодооныг хүндийг өргөлтийн тамирчид салгасан аж. Харин энэ хэргийн талаар Г.Лхагвасүрэн захирал: “Хөхөө дандаа хүнийг гүжирддэг. Өөрийнхөө багш, талийгаач Т.Самбуу багшийг шар сонинуудаар муулж ярилцлага өгсөн. Үүнээс болж бид хоёр муудалцсан. С.Хөхөө өөрөө буруутай. Би хамрыг нь хугалаагүй. Над руу дайрахаар нь би зайлчихсан чинь мөрөө мулталчихсан. Би ч гэсэн түүнийг шүүхэд өгсөн гомдолтой байна” гэжээ. Уг хэрэгт холбогдож байгаа С.Хөхөө багш 64 настай бол, Г.Лхагвасүрэн захирал 70 гаруй настай юм байна. Залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлэх насандаа ирсэн хоёр тамирчин С.Хөхөө багшийн сонинд өгсөн ярилцлагаас болж гар зөрүүлснээс гадна бие биеэ шүүхэд өгчихөөд байгаа ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 1 )
хохиноооооооооо ооооооооооооооо манаай сургуулийн захирал ямар буруутай гэж тэр өөрөө болоод л зодуулаа биз.