О.Гүндэгмаа олимпын эрхийн төлөө маргааш даагаа нэхнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

4-р сарын 8-нд Өмнөд Солонгосын Чанвон хотноо эхэлсэн буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны шигшээ тэмцээнд оролцсон Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдсөн. Урьдчилсан буудлагад 585 оноогоор тавдугаарт бичигдсэнээр шигшээ наймд шалгарч чадсан ч шигшээ буудлагад үзүүлсэн амжилт нь олимпийн эрх авахад болзлыг биелүүлж чадсангүй. Энэ тэмцээд Хятадын тамирчин Чен Ин шигшээ буудлагад 205,6 оноо авснаар нийлбэр 794,6 оноогоор тэргүүлж, аваргын алтан медалиас гадна олимпийн эрхээ өвөртөллөө. Харин мөнгө, хүрэл медалийг Хятадын Юань Жин /791,3/, Болгарын Антоанета Бонева /701,2/ нар хүртсэн. Гэхдээ энэ хоёр тамирчин өмнөх Сиднейн “Дэлхийн цом”-оос хэдийнэ олимпийн эрхээ авчихсан байж. Урьдчилсан буудлагын дараагаар 584 оноогоор О.Гүндэгмаагийн яг ард буюу зургадугаар байрт бичигдээд байсан Германыг төлөөлж буй Д.Мөнхбаяр шигшээ буудлагад амжилттай буудсанаар нийлбэр 788,5 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарч, олимпийн үлдсэн нэг эрхийн эзэн боллоо. Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа нарын хооронд ердөө 1.4 онооны зөрүү гарсан бөгөөд хэрэв О.Гүндэгмаа дөрөвдүгээр байрт шалгарсан бол медаль зүүхгүй ч олимпийн эрхээ авах байсан. Гэвч манай тамирчны найдлага тасарчихаагүй байна. Маргааш тэр 10 метрийн хийн гар бууны дасгалд хүч сорих бөгөөд амжилттай оролцвол олимпийн эрхээ авах боломжтой.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top