Лондонгийн олимпийн аюулгүй байдалд зарцуулсан 1.6 тэрбум доллар нь тэмцээний талбарыг урилгагүй зочдоос хамгаалж чадсангүй. Буудлагын талбайд үнэгнүүд орж кабелийн утсыг нь тас зажлаад зогсохгүй дуу чимээний тоног төхөөрөмжийг нь сүйтгэж, медаль олгох тавцангийн нь дэргэд гайхамшгаа үлдээжээ.
“Газрыг бүхэлд нь түйвээсэн байсан. Нэгээс олон үнэг байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэмцээний талбай барихаас өмнө тэд энд амьдарч байсан. Тэгээд шөнөдөө, хаалтыг даван ороод энд тэндгүй явж юм хум хазаж байна” гэж зохион байгуулагч Питэр Андэрхил "Би Би Си" спорт сувгийн сурвалжлагчид ярьжээ.
Саяхан талбай дээр сорилт явагдаж байх үеэр өрсөлдөх гэж буй тамирчид амьтад харсан гэж мэдээлжээ. Сиднэйн олимпийн алтан медальт Ричард Фоолдс хувцас солих өрөөнд буугаа тавихдаа нэг амьтан харжээ. Түүнийг нь үнэг байсан гэж дасгалжуулагч нь баталсан байна.
Шөнийн харуулууд амьтдыг буудаж хөөх үүрэгтэй ч хараахан буудаж чадаагүй аж.
Хэдийгээр хазаж мэрж байгаа ч тэд их өгөөмөр өглөгч амьтад юм. “Буудлагын талбайд бэлэг үлдээсэн байсан гэж хүмүүс ярьж байсан” Фоолдс "Би Би Си-"д хэлэв. Харж байгаа биз? Үнэгнүүд тоног төхөрөмж эвдэлсэн ч бэлэгтэй ирсэн нь олимпийн мөн чанар биш гэж үү?
Эх сурвалж “Яахуу ньюс”
М.Туяа
Сэтгэгдэл ( 0 )