Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд сонин, телевизийн нийт эрэгтэй 18, эмэгтэй 15 баг оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд “Улс төрийн тойм”, “Зар мэдээ”, “Монгол шуудан”, “Үндэсний шуудан”, “ТВ9”, “Отгонтэнгэр” их сургуулийн багуудын дунд ширүүхэн өрсөлдөөн болж, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд зохиогдсон сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтын эцсийн дүнд “Улс төрийн тойм” сонины эрэгтэй баг түрүүлж, шилжин явах цом, алтан медалийн эзэн боллоо. Улс төрчдийн үнэн дүр төрхийг илчилсэн хурц, ончтой нийтлэлээрээ нийгэмд байн байн “бөмбөг” тэсэлж байгаа тус сонины хамт олон арьсан бөмбөгийг ч бас дэлбэлж чаддагаа харуулсан юм. Удаах байранд “Зар мэдээ” сонин, “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим шалгарсан бол эмэгтэй сагсчдыг “Ардчилал” сонины хамт олон тэргүүлж, “Зар мэдээ” сонин, “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүл зүйн оюутнууд удаалсан юм. Тэмцээнийг Монголын сонины холбоо, “Монгол шуудан” компани, Чөлөөт сонинуудын холбоо, “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим хамтран зохион байгууллаа.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )