Ёкозүна Хакухо Даваажаргалын нэрэмжит ”Ирээдүйн аваргууд” хүүхдийн сумо бөхийн их наадам болох гэж байгаатай холбогдуулан "Монгол нюьс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Уг наадам монгол бөхчүүдийн залгамж халаа, олимп дэлхийн дэвжээнд монгол улсынхаа нэрийг цуурайтуулах бөхчүүдийг тодруулан гаргах зорилгоор "Ирээдүйн аваргууд эндээс тодорно" уриан дор зохион байгуулагдах аж. Мөн бөхийн авьяастай хүүхдүүдийн мэдээллийн баазыг бий болгох, Хүүхдийн сумо бөхийн цолыг тогтмол олгон, чанар чансааг нь жил ирэх тусам сайжруулж, цол авах босгыг өндөрсгөх зорилтуудыг тавьжээ. “Ирээдүйн аваргууд”-ыг "Болор Луу" продакшн, Монголын Сумо Бөхийн холбоо, Ёкозүна Хакухо Даваажаргал болон Хакухо сан санаачилан хамтран ажиллах бөгөөд "МҮОНТВ-ийн 2-р суваг" –аар улс орон даяар үзэгчдийн хүртээл болно.
Наадмын бүртгэл 5-р сарын 01-ээс эхлэн 10 хоногийн хугацаанд явагдаж тойргийн тэмцээнийг 2012 оны 5-р сарын 12, 13-ны өдөр, Шигшээ тэмцээнийг 5-р сарын 22 өдөр зохион байгуулах юм. Харин "Ирээдүйн аваргууд" хүүхдийн сумо бөхийн их наадам нь 9-11 нас, 12-13 нас, 14-15 насны ангиллаар явагдах ба 14-15 насны ангилалд 1998.01.01-ээс 1997.04.01- ны хооронд төрсөн хүүхдүүд оролцох боломжтой аж. Нийтдээ 30 сая төгрөгийн шагналын сантай уг наадмын шигшээ тэмцээнд шалгарсан хүүхэд бүрт тухайн наадмыг өөрийн нэрэмжит болгон явуулж байгаа сумочийн дурсгалын гарын хээ, ил захидал болон ивээн тэтгэгчийн бэлгийг дурсгах юм байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 2 )
одоо ажиллаж байгаа хүүхдийн сумо клуб байгаа юу?