Д.Сумъяад олимпийн эрх олгов

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос тивүүдийн эрхийн дүрмээр нийт 100 жүдочид олимпийн эрх олгосныг зарлалаа. Дэлхийн чансаанд эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн жинд эхний 14 байрт эрэмбэлэгдсэн нийт 252 жүдочоос гадна ийнхүү тивүүдийн эрхээр 100 тамирчин нэмэгдэж байгаа юм.
Ингэхдээ Ази тивээс 20 тамирчин сонгосон бөгөөд жүдочдыг жин, төрөл ялгалгүй /дээрх эрх авсан тамирчдыг оролцуулахгүйгээр/ жагсааж, эхний 20 тамирчинд олимпийн эрх олгожээ. Гэхдээ нэг улсаас нэг тамирчин, мөн нэг жинд хоёроос илүүгүй гэсэн дүрэм баримталсан байна. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 350 оноогоор 27 дугаар байрт эрэмбэлэгдээд байсан ОУХМ Д.Сумъяа тэрхүү 100 тамирчны тоонд багтаж, Лондонгийн олимпийн наадамд зодогдох боломжтой болжээ.

Ийнхүү Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй тав, нийт есүүлээ Лондонгийн олимпийн татамид гарах эрхтэй боллоо. Уг нь Монголын жүдочдоос эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 12 тамирчин олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд байгаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нарын гурав, 66 кг-ын жинд Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар, мөн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар Лондонгийн олимпийг зорих эрхээ өвөртлөөд буй ч аливаа улс орон нэг жинд нэг л тамирчнаа сойх тул Монголын Жүдо бөхийн холбоо дээрх тамирчдын чухам хэнийг нь Лондонд илгээхээ шийднэ. Лондонгийн олимпийн мэдүүлэг хүлээн авах хугацаа зургадугаар сүүлчээр дуусгавар болох тул тэрхүү хугацааг дөхүүлж байгаад олимпийн татамид эх орноо төлөөлөх тамирчныг зарлана гэдгийг МЖБХ хэлж байна. Энэ нь нэг талаас тамирчдын сэтгэл зүй, нөгөө талаар бусад орны тамирчдад судлагдахаас зайлсхийж буй ажээ.

Олимпийн эрх авсан жүдочид:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн


Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд

А.ТӨМӨР

Top