Өсвөрийн дэлхийн аваргаас хоёр алт, хоёр хүрэл медальтай ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 9-ны хооронд Польшийн Харьков хотноо болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөлж 16 шатарчин хүүхэд амжилттай оролцоод, дөрвөн медаль өвөртлөн  өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Тэд амжилтынхаа талаар багш дасгалжуулагч, эцэг эхийн хамт өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн юм.

Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнээс “Цэцэн нүүдэл” клубын шатарчин Ц.Лхагвасүрэн, “Хан Алтай” клубын шатарчин Б.Баасансүрэн нар алтан медаль хүртсэн байна. Харин “Монгени” клубын шатарчин Х.Баясгалан, “Төр Монгол” клубын шатарчин Г.Маралгуа нар хүрэл медалийн эзэд болжээ.

Эрэгтэй, эмэгтэй зургаан насны ангилалд 37 орны 532 хүүхэд оролцсон дэлхийн аваргаас ийнхүү дөрвөн медальтай ирсэн нь Монголын өсвөрийн шатарчид өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргах хэмжээнд хүрснийг харууллаа гэж байв.

2005 онд анх зохиогдож эхэлсэн сурагчдын дэлхийн аваргаас 2010 онд Туркийн Кайсерт болсон тэмцээнээс А.Энхтуул 17 насны ангилалд түрүүлж, сурагчдын дэлхийн аварга болж байсан билээ. Харин 2011 он Т.Мөнхзул мөнгөн медаль хүртэж байсан юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top