Улсын начин Ц.Одбаяр: Би “найрааны начин” биш гэдгээ барилдаанаараа баталж байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

Бид энэ удаагийнхаа спортын булангийн хойморт Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж, улсын харцага Пүрэвжаваар тав даван Монгол улсын начин цол хүртсэн “Ажнай” дэвжээний бөх Ц.Одбаяртай ярилцлаа.

-Өөрийн чинь хувьд  өнгөрсөн наадмаар маш амжилттай барилдаж улсын начин цол хүртсэн. Цол дагаж бяр гэдэг. Начин болсноосоо хойш одтой сайхан барилдаж байна даа?

-Наадмаар монгол улсын начин гэдэг хүндтэй эрхэм цолыг авсандаа маш баяртай байгаа. Зун нутагтаа очиж сайхан амарч байгаад намар хотод ирээд заал танхимын барилдаанд зодоглоод явж байна. Ер нь цол авснаас хойш гайгүй барилдаж байгаа, 256 бөх оролцдог заалны том барилдаануудад амжилттай оролцон нэг удаа үзүүрлэж, нэгэнд нь шөвгийн дөрөвт үлдэж байсан.

-Бөхчүүдийн дунд “начны найраа” гэсэн ойлголт байх шиг санагддаг, хүмүүс ч тиймэрхүү зүйл яриад байдаг. Өөрийн тань талаар ч бас тухайн үед яригдаж байсан санагдана. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Найраа гэж яригдаад л байдаг юм. Миний хувьд бол яаж барилдаж начин болсныг маань ард түмэн тодорхой харсан байх. Заал танхимын барилдаануудад алгасалгүй  тогтмол оролцохыг боддог. Хэрэв үнэхээр л “найрааны начин” байсан бол үзэгчид хараад мэдэх байлгүй дээ, заал танхимын барилдаанд сайн барилдаж, би тийм бөх биш шүү гэдгээ л харуулах нь чухал гэж боддог.

-Одбаяр начин маань ямархуу хүүхэд байв, багаасаа бөхөд сонирхолтой байсан уу?

-Ер нь багаасаа л бөхийн секцэд хичээллэдэг байсан. Даланзадгад хотын гуравдугаар 10 жилийн наймдугаар ангийг төгсөөд Улаанбаатар  хотод ирж  “Шонхор” Биеийн тамирын дээд сургуулийн лицей ангид орж  суралцсан. Тэгээд лицейгээ төгсөөд шууд “Шонхор” БТДС-даа элсэн суралцаж биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

-Бөх болоход чинь хэн хамгийн ихээр нөлөөлсөн гэж боддог вэ?

-Бөхийн замд орохдоо хүнээр хөтлүүлсэн гэхээсээ илүүтэй өөрийнхөө дур сонирхлыг дагасан  гэж боддог. Ер нь манай ээжийн талын удамд Монгол Улсын харцага “морин” Пүрэв гэдэг алдартай сайн бөх байсан. Тэгээд ийм мундаг удамтай юм чинь би бас сайн бөх болох ёстой гэж  бодоод л яваад байдаг байсан.

-Бөхийн замд орсноосоо хойш хамгийн эхний амжилт юу байв?

-Хамгийн эхэнд гэх юм бол, тухайн үед сумандаа барилдаж цол авчихдаг, аймгийн цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд сайн барилдчихдаг байсан. Ингээд 2009 онд Өмнөговь аймгийнхаа наадамд зодоглон түрүүлж, аймгийн арслан цол авч байлаа. Түүнээс хойш аймгийн арслан цолтойгоор заал танхимын барилдаанд тогтмол зодоглож байгаад 2011 оны Улсын наадмаар тав давж монгол улсын начин цол хүртсэн.

-Бөхчүүдэд өөрийн гэсэн “дархан мэх” байдаг. Тэгвэл өөрийн тань хувьд ямар мэхийг илүүтэй хэрэглэж амжилтад хүрдэг вэ?

-Бөхчүүдэд “дархан мэх” гэж байдаг, баараггүй тэрийгээ хийж ялалт байгуулдаг. Миний хувьд бол одоохондоо нэг их сүрхий “дархан мэх” гээд хэлээд онцлоод байх зүйл ховор, ер нь сэрвүү барилдаанаас барилдах сонирхолтой, сэнжигнээс бас таллах, тахимдах гэж үзнэ, сүүлийн үед золгооноос барилдъя гэж бодоод бэлтгэл сургуулилтандаа хийж үзээд л явж байна.

-“Нутгаа дуурсгана” барилдаанд танай нутгийнхан хэр амжилттай оролцож байна вэ?

-2-3 жилийн өмнөөс энэ барилдаан явагдаж байгаа. Энэ жилийнх нь луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан болж байна. Үүнд манай нутгийнхны “Ажнай” дэвжээнээс бөхчүүд оролцон хэсгээсээ арай гарч чадаагүй, хэрэв Дундговь аймгийн багийг ялсан бол хэсгээсээ гарчих байлаа.

-Энэ барилдаанд “Ажнай” дэвжээнээс хэдэн бөх оролцсон бэ?

-Нэг багт 10 бөх орж байгаа, үндсэн зургаан гишүүнтэй, сэлгээний дөрвөн  бөхтэй.

-“Ажнай” дэвжээнд олон бөх байдаг уу?

-Өмнөговь нутгийн гайгүй барилддаг, бөх болох сонирхолтой нэлээн хэдэн бөх бий.

-“Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ нутгийнхнаа нэлээн дэмжиж ажилладаг юм байна, тийм үү?

-Одоогоос 3-4 жилийн өмнө Өмнөговийн бөх болох хүсэлтэй хэдэн залуучууд энд тэнд бэлтгэл сургуулилт хийгээд явж байсныг Бат-Эрдэнэ ах цуглуулаад “Ажнай” нэртэй бөхийн клуб байгуулан нэг дор бэлтгэл хийдэг болсноос тодорхой хэмжээний амжилтад хүрсэн. Энэ жил бидний дундаас хоёр улсын начин төрж, дэвжээнийхээ үр шимийг үзэж байна.

-Цаашид залуу хүний хувьд нэлээн том зорилго тавьж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би энэ жил 25 настай. Ямар ч байсан 32-33 хүртлээ бөхөөрөө тууштай явна гэж бодож байгаа. Хэн илүү хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг жамтай. Иймээс би бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, биеэ зөв зохистой авч явахад анхаарч зүтгэж байгаа.

-Биеэ зөв авч явах гэдэг бөхчүүдийн хувьд их чухал байх даа?

-Тэгэлгүй яахав. Хүмүүс сайн бөх гэж дээдэлж архи дарс бариад л, түүнийг нь хамаагүй хүртээд байвал амжилт манатай юм болно шүү дээ. Миний хувьд архинаас хол хөндий байдаг.

-Одоо наадмын бэлтгэлд гарах дөхөж байна даа?

-Удахгүй гарцгаана. Өнгөрсөн жил бид нар Бугын сангийн аж ахуй   гэдэг сайхан газар Баянхонгорын галтай хамт бэлтгэлд гарч байсан.

-Одбаяр маань гэр бүлтэй юу?

-Гэр бүлтэй, эхнэр, хоёр настай хүүгийн хамт амьдарч байна. Удахгүй хоёр дахь хүүхэд маань гарах гэж байгаа.

-Тэгвэл начин маань өнөр гэр бүлийн эзэн болох юм байна даа. Хүүгээ бөх болоосой гэж боддог биз дээ?

-Монгол хүмүүс хүү төрвөл бөх болоосой гэж боддог болохоор юмыг яаж мэдэхэв гээд л горьдоод байгаа ш дээ. /инээв/

-Баянмонгол хороололд амьдардаг билүү?

-Тийм. Энэ зун “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнэ захирал маань Сумъяа ах бид хоёрт начин боллоо гээд иж бүрэн тавилгатай хоёр өрөө байр “Баянмонгол” хороололд авч өгсөн. Улаанбаатарт амьдарч байгаа залуучуудад хамгийн чухал зүйл нь байрны асуудал байдаг. Үүнийг маань шийдэж өгсөн Бат-Эрдэнэ ахдаа баярлаж талархсанаа энэ мөчид дахин хэлэхэд таатай байна. Ямар ч байсан бөхийнхөө буянаар сайхан л амьдарч байна. Бат-Эрдэнэ ах бол зөвхөн бөх ч биш, өөр маш олон зүйл дээр Өмнөговьчуудаа дэмжиж ажилладаг. Саяхан гэхэд аймгийн төвд маш сайхан том талбай барьж өгсөн.

-Бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Ер нь бөх болох сонирхолтой залуус, дүү нартаа хандаж юу хэлэхийг хүсч байна вэ? 

-Ер нь бөх болъё л гэж хүсч байгаа бол тодорхой хэдэн жил тууштай бэлтгэл хийгээд үзэх хэрэгтэй. Зарим хүүхдүүд ялимгүй бэрхшээлийг давж чадалгүй шантраад больчихдог тал байдаг. Дор хаяж 3-4 жил зүтгээд үзэхэд ямар нэг зүйл мэдэгдэнэ. Хамгийн гол нь тэвчээртэй байх нь  чухал. Миний хувьд бол байрны подваль, нийтийн байр дамжаад л, өлсөх цангах энүүхэнд, тэр болгоныг даваад л, бэлтгэл сургуулилтаа хийгээд явсны хүчинд одоо өдий зэрэгтэй амжилтад хүрээд явж байгаадаа их баяртай байдаг.

-Ярилцсанд баярлалаа. Аваргыг хаяж аварга болоорой!

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөх(66.181.161.83) 2020 оны 12 сарын 08

Найрааны начин шүү дээ

1  |  1
Бөх(202.9.47.7) 2020 оны 12 сарын 08

Өөрөө хичээ чамд хүн туслахыг хүлээвэл худлаа шүү

1  |  1
Bulgamaa Adiya svren(66.181.161.118) 2020 оны 05 сарын 26

Sainuu bi ene xvniig shvtej yawdagaa bi omno gowi aimgiin tsogt tsetsii sumaasa beltgel xiij yawi gej bodoodl bdag daanch tusalj demjix xvngvi bnaa

1  |  0
Top