Шинэ аваргууд, үнэмлэхүй амжилттай -Боулингийн лигийн тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21

                      

    Гурав дах жилдээ зохион байгуулагдаж байгаа боулингийн лигийн тэмцээн Паркийн боулинг төвд болж, өвөрмөц содон амжилтуудаар дүүрэн, өрсөлдөөн ихтэй өндөрлөлөө. Монголын Арванбайт Боулингийн Холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран сар тутмын энэхүү тэмцээнд спортын цол, зэрэгтэй тоглогч-тамирчид, тэмцээн уралдаанд тогтмол оролцогчид болон сонирхогчид нээлттэй оролцдогоороо онцлог бөгөөд тэмцээнээс тэмцээнд тоглогчдын ур чадвар мэдэгдэхүйц сайжирсаар байна. Өнгөрсөн сарын тэмцээний шигшээ тоглолтын эхний байруудад 3 мастер цолтон шалгарч, түрүүлсэн тамирчны 4 тоглолтын дундаж оноо 208 байсан бол энэ сарын тэмцээнд УАШТ-д үзүүлсэн амжилтаараа шинээр зэрэг авсан болон зэргээ ахиулсан тоглогчид одтой наадав.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд энэ оны хос тоглолтын тэмцээнд завсаргүй 3 дараалан түрүүлсэн, 1-р зэрэгтэй тоглогч Б.Оргилмаа /Би-Зон/ анх удаагаа тэргүүлсэн бол түүнтэй ганзага сайн нийлж яваа лигийн хошой аварга, 1-р зэрэгтэй тоглогч Б.Мягмарцэнд /Би-Зон/  багийн андаасаа 13 оноогоор хоцорчээ. Хоёр тоглогч маань энэ оны УАШТ-ий хос тоглолтын төрөлд мөн аваргалсан юм. 3-р байрт улсын аваргын манлай тоглогч, 1-р зэрэгтэй В.Нарангарав /Паркийн боулинг/ шалгарч, өндөр онооны эзнээр Б.Оргилмаа тодорлоо. Эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөөн сонирхол татам болж, урьдчилсан 3 тоглолтын дараах байдлаар 184,33 дундаж оноо авсан Д.Дамдин/Би-Зон/ зэрэгтэй тоглогчдыг ардаа орхин санаанд оромгүй амжилт үзүүлэв. Шигшээд шалгарсан шилдэг

5 тоглогч дүрэм ёсоор дахин нэг нэг тоглолт нэмж гүйцэтгэн, 4 тоглолтын нийлбэр дүн гарахад УАШТ-ий хос тоглолтын мөнгөн медальт, тоглолт эхлэхийн өмнөхөн 1-р зэргийн үнэмлэхээ гардан авсан Д.Мурат /Би-Зон/ анх удаагаа лигийн тэмцээнд түрүүлснээр лигт түрүүлсэн 17 дах тоглогч боллоо. Харин нэг багийн тоглогч Д.Дамдин мөн анх удаагаа үзүүрлэж, 221 оноогоор өндөр онооны шагналыг гардсан байна. Тэдний араас шил даран өрсөлдсөн Грийн Страйкес багийн хоёр тоглогчийн өрсөлдөөн бас л тэнцүүхэн болж,урьдчилсан тоглолтонд энэ оны лигийн тэмцээнд 2 удаа гурвалсан, 1-р тоглогч Ж.Содномдорж 10 оноогоор өнгөлсөн бол шигшээ тоглолтонд өрсөлдөгчөөсөө 21 оноо илүү авсан, энэ жилийн УАШТ, Холбооны цом тэмцээний шагналт, гэр бүлийн лигийн тэмцээнд хүүгийн хамтаар 2 удаа түрүүлсэн, 1-р зэрэгтэй тоглогч Ц.Батжаргал анх удаагаа лигийн тэмцээний эхний гуравт орж ирлээ. Тэмцээний шагналтнууд өргөмжлөл, мөнгөн шагналаас гадна хамтран зохион байгуулагч, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс үнэгүй тоглох эрх гардсан байна.

  Дараагийн тэмцээн 5-р сарын 24-ний пүрэв гаригт 18:00 цагаас Зэрэггүй тоглогч, сонирхогчдын тэмцээнээр үргэлжлэх бөгөөд энэхүү тэмцээн нь тус холбооноос зохиож буй энэ оны 14 дэхь тэмцээн юм. Тэмцээнд спортын цол, зэрэгтэй тоглогч-тамирчид оролцохгүй бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд тэмцээнд тогтмол оролцогчид болон эхлэн хичээллэгсэд гэсэн 2 ангилалд өрсөлдөнө. Холбооны талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг Моноглын спортын анхны төрөлжсөн видео портал ododsport.mn сайтаас авч болох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top