Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан “Их Монголын одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт болох гэж байна. Тоглолт энэ сарын 23-ны өдөр буюу лхагва гаригт 18.00 цагаас Бөхийн өргөөнд явагдах бөгөөд сумочид, үндэсний бөхчүүд болон урлагийнхан хоорондоо нөхөрсгөөр тоглох гэнэ. “Хакухо” сан, “TLG-13”, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон Лаа” компаниас хамтран зохион байгуулж буй сагсан бөмбөгийн шоу тоглолтын тасалбар 15.000 төгрөг байх бөгөөд орлогыг зуун хувь буяны үйлст зориулах аж. Тухайлбал, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэх, нярайн тасгийг тохижуулах мөн 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл өгөх юм. Сумочдын баг Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какрюү М.Ананд нарын тэргүүтэй өрсөлдөх бол үндэсний бөхчүүдийнхэд С.Мөнхбат, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ. Харин урлаг, спортын холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдартай тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжихээр болжээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )