Маргааш буюу тавдугаар сарын 24-ний өдөр Хакухо М.Даваажаргалын санаачилсан “Их монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт хоёр дахь удаагаа бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү шоу тоглолтын нийт орлого хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах бөгөөд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хүүхэд асрах төвийн 1200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх, нярайн тасгийг тохижуулах зэрэгт тус тус зарцуулагдана.
Энэхүү нөхөрсөг шоу тоглолт нь Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, монголчууд сумод барилдаж эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
Тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод, хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Үүнээс гадна тус шоуны үеэр сонирхолтой тэмцээнүүд явагдах юм. Мөн үзэгчдийн дундах тэмцээний ялагчид Хакухо аварга гарын бэлгээ гардуулна. Хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо Даваажаргалаас гадна Озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Кёкүтэнхо Н,Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар тэргүүтэй сумочид өрсөлдөх бол үндэсний бөхчүүдийн багт даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд өрсөлдөнө. Харин урлаг, спортынхон холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдарт тамирчид оролцон хүүхдийн сайн сайхны төлөө буяны үйлсийг дэмжихээр болжээ.
“Хакухо сан”, “TLG-13”, “Мон лаа” компани, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран зохион байгуулж буй тоглолтын тасалбарын үнэ 15.000 төгрөг юм байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )