Өнөөдөр Италийн 20-р зууны шилдэг хөл бөмбөгчдийн нэг Франко Барези Улаанбаатарт ирлээ. Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнбаярын санаачилгаар Италийн алдарт “АС Милан” багийн дасгалжуулагчид уригдан ирж зуныхаа амралтаар зусланд амарч байсан нийслэлийн хүүхэд багачуудад хөл бөмбөгийн спортын хичээл зааж байсан билээ. Энэ жил ч мөн Итали улсын Милан хотын “АС Милан” клубтэй хамтран “Миланы өсвөрийн зуслан-2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Милан хотоос Марко Шембри, Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алисандро Бертони, Перлуги Претэ, Жианлука Ангелуки нарын дасгалжуулагчид хүрэлцэн ирж, Сүхбаатар дүүргийн 6-р сургуулийн биеийн тамирын талбайд сургалт явуулах нээлтийн үйл ажиллагаагаа хийсэн юм. Италийн дасгалжуулагчид ирэх бямба гариг хүртэл Монголын хөлбөмбөгийн холбооны болон 6, 84, 97 дугаар сургуулийн биеийн тамирын гаднах талбайд сургалт явуулахаас гадна хөл бөмбөгийн дасгалжуулагч, багш нарт зориулсан онол, дадлагын сургалт явуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил зуслангийн сургалтад хамрагдсан хүүхдүүдээс шилдэг гурван хүүхдийг Итали улс дахь “Дэлхийн хүүхдийн зуслан”-д явуулж байжээ. Энэ жил ч мөн гурван хүүхдийг шалгаруулах аж.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )