100 буудалт даамны улсын аварга Э.Мандахнаран: “Төр засаг спортын бүх төрлүүд рүү анхаарлаа хандуулаасай”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13

“Оюуны” спортын их мастеруудын залуу халаа болсон, 100 буудалт даамны Спортын мастер, 2011 оны оюутны улсын аварга Э.Мандахнарантай сонирхолтой яриа өрнүүллээ. Даамны спортоор хичээллэн Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа залуу тамирчин маань ХААИС-ийн оюутан юм.
-Даамны спортод анх яаж хөл тавьсан. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Намайг нэгдүгээр ангид ороход даамны дугуйлан хичээллэдэг байсан. Тэр цагаас хойш одоо тасралтгүй 10 гаруй жил хичээллэж байна.
-Тэр үед өөрийнхөө сонирхлоор орсон уу?
-Анх сургуульд ороход дугуйлан хичээллэж эхэлсэн байсан. Тэгээд сонирхолтой санагдаад элсэж орсон. Гэр бүлийнхэн маань бас дэмжсэн учраас цаашид суралцахад их нөлөөлсөн.
-Оролцож байсан тэмцээнүүдийнхээ талаар ярихгүй юу. Анх ямар тэмцээнд орж байсан бэ?
-Нийслэлийн 360 жилийн ойгоор болсон тэмцээнд ороод гуравдугаар байранд орж байсан. Тэр хамгийн анхны тэмцээн байсан. Тэр тэмцээнээсээ урам ороод дараагийнхаа тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлсэн дээ.
-Даам тоглохын ач тус юунд байдаг вэ?
-Олон ач тустай. Энгийн жишээ гэвэл тэсвэр тэвчээртэй болдог. Нэг юманд анхаарлаа төвлөрүүлж чаддаг болдог. Оюун ухааны спорт гэдэг утгаараа оюун ухааныг хөгжүүлдэг.
-Та ямар нэгэн клубт хамаарагддаг уу. Саяхан болсон Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Бага байхдаа сумандаа дугуйланд хичээллэж байгаад тавдугаар ангидаа Улаанбаатарт ирээд Улсын шигшээ багт 11-р анги төгстөлөө хичээллэсэн. Одоо ямар нэгэн клубт харъяалагддаггүй. Хувиараа бэлтгэл сургуулилтаа хийгээд л явдаг. Даамны Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог. Би анх нэгдүгээр курст байхдаа түрүүлээд өнгөрсөн жил бас түрүүлсэн. Энэ жил мөн түрүүлсэн. Оюутан байх хугацаандаа бүгдэд нь түрүүлнэ гэж зорьж байгаа.
-Монголын даамны спортын хөгжлийг дэлхийтэй харьцуулбал?
-Манай улсад даамны спорт харьцангуй өндөр түвшинд хөгжсөн. Бид олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож чаддаг болсон байна. Холбооны удирдлагууд маш сайн ажиллаж байгаа. Холбооныхоо ажлыг хүндэтгэж, итгэлийг нь дааж улам сайн тоглох юмсан гэж хичээж явдаг.
-Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд олон улсын тэмцээнд ч юм уу, тийм хэмжээний тэмцээнд оролцох эрх олгодог уу. Өөрийнхөө оролцож байсан Олон улсын тэмцээнийхээ талаар?
-Саяны тэмцээнд түрүүлснээр энэ насны ангилалд олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байна гэсэн үг. Урьд нь 2004 онд Азийн хүүхдийн спортын наадамд тусгай байр эзэлсэн. 2008 онд дэлхийн оюуны спортын анхдугаар их наадам Бээжинд болоход амжилттай оролцож дэлхийн даамын спортын мастер цолны нэг баллыг биелүүлсэн. Одоо дахиад нэг баллыг биелүүлбэл дэлхийн Даамны спортын мастер болно.

-Ойрын үед оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?
-Ойрын үед олон улсын тэмцээн хараахан байхгүй. 5-р сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр тэмцээндээ бэлтгэж байгаа. 2009 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд 2010 онд хоёрдугаар байранд орсон. Энэ жил түрүүлэх зорилготой бэлтгэж байна.
-Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Одоо юм хөгжсөн болохоор онлайнаар тоглож болж байна. Ерөнхийдөө ганцаарчилсан байдлаар бэлтгэлээ хангадаг.
-Монголын Даамны спортын мастер болж байсан тухайгаа яриач?
-Спортын мастер болоход гурван балл авсан байх ёстой байдаг. Би эхний баллаа авчихсан байсан болохоор дараагийнхаа баллыг авах шаардлагатай байсан. Тэгээд Монголын бүх ард түмний 11-р спартакиадад оролцсон. Тэгэхдээ нэг л хүнийг хожоод хоёр оноо авна гэж бодож ороод хоёрдугаар байранд орсон. Тэр тэмцээнд хоёрдугаар байранд ороод Спортын мастер болж байлаа.
-Бүх тоглолтоосоо хамгийн сонирхолтой тоглолтоо нэрлээч гэвэл?
-2010 онд дэлхийн шилдэг эмэгтэй 12 тамирчин оролцсон дэлхийн цомын тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнд дэлхийн бүх шилдгүүдтэй тоглож заримыг нь хожиж, заримтай нь тэнцэж байлаа. Өөрийнхөө хувьд чамлалтгүй тоглосон тэр өргүүддээ сэтгэл ханамжтай байсан.
-Дэлхийн даамны спортын хөгжилтэй манай улс эн зэрэгцэхийн тулд яавал зүйтэй гэж боддог вэ?
-Манай даамны холбоо тогтмол тэмцээнээ явуулж, дугуйлангаа хичээллүүлдэг. Тогтмол нэг уламжлалаараа яваад байна. Миний бодлоор илүү сайн сэтгэх хэрэгтэй гэж боддог. Холбоо маань маркетинг, менежмент талдаа илүү сайн ажиллаасай гэж боддог.
-Гадагшаа дотогшоо тэмцээнд явахад замын зардлаа хэрхэн шийддэг вэ. Өөрсдөө гаргадаг уу, эсвэл холбооноос нь гаргадаг уу?
-Монгол тамирчдын хувьд хамгийн хэцүү бэрхшээлтэй асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Ихэнх санхүүтэй холбоотой асуудлаа өөрсдөө шийддэг.
-Холбооны зүгээс төр засагт энэ асуудлаар хандаж байсан уу?
-Холбооны зүгээс спонсор хайхад ямар нэгэн байдлаар тусалдаг. Улсын зүгээс тодорхой хариу өгөх нь бага байдаг. Илүү амжилт гаргаж байгаа спортынхныг илүү дэмждэг. Бүх спортынхоо төрлүүд рүү анхаарлаа хандуулж ухаалаг шийдвэр гаргаж байгаасай гэж боддог.
-Монгол тамирчдын чанар чансаа дэлхий нийтийн тамирчидтай харьцуулбал ямар хэмжээнд байна вэ?
-Би Монгол хүмүүсийг оюуны чадамж сайтай гэж боддог. Жишээлбэл, Хятадын тамирчид бол зөвхөн бэлтгэлээ хийгээд даамаа л тоглоно. Өөр юу ч хийхгүй. Даам нь амьдрал нь болчихсон. Амжилт гаргахгүй бол амьдрах боломжгүй байдаг. Гэтэл бид хичээлээ хийгээд, бэлтгэлээ ч хийгээд, санхүүгээ ч зохицуулаад явдаг. Монгол хүний оюуны чадвар сайн. Дээрээс нь туслах тусламж бага. Тэрнээс бол бид үнэхээр төвлөрөөд ажиллавал амжилт гаргахад хэцүү биш.

-Чи одоо сурдаг сургуулийнхаа талаар ярихгүй юу?
-Би ХААИС-ийн маркетинг менежментийн гуравдугаар ангид сурдаг.
-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Багаасаа спортоор хичээллэсэн хүн яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Спорт бол миний хувьд хамгийн чухал ч өөрийн гэсэн мэдлэг, боловсролтой байх ёстой. Тиймээс энэ мэргэжлээ сонгон судалж байна. Багадаа өөр мэргэжилтэй болно гэж боддог байсан. 10, 11-р анги төгсөх үедээ мэргэжлээ хэрхэн сонгох талаар сургалтанд сууж байсан болохоор энэ мэргэжил илүү сонирхолтой санагдсан.
-Монголын залуучуудын талаарх чиний бодол?
-Би Монголын залуучуудыг хоёр хэсэгт хувааж хардаг. Нэг хэсэг нь зүгээр л урсгалаараа явдаг, нөгөө хэсэг нь өөрийгөө хөгжүүлдэг залуучууд байна. Залуучууд нэг үеэ бодвол өөрийгөө хөгжүүлээд, нийгмийн оролцоо сайтай болсон байна. Жишээ нь, би гэхэд Хөгжлийн түүчээ санд Хяналтын зөвлөл, "Оюуны эрэл" оюутны холбоонд ажиллаж нийгэмдээ хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог. Нэг хэсэг нь идэвхитэй ажиллаад, нөгөө хэсэг нь сул байгаад байдагт харамсдаг.
-Залуучуудаа юунд уриалмаар байна?
-Хүн болгонд сайн чаддаг зүйл байдаг. Хамгийн гол нь түүнийгээ мэдрээд, хөгжүүлээд явах нь чухал гэж боддог. Залуучууд өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй,түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал боломж байна. Бэрхшээл болгоныг боломж гэж хардаг байгаасай.
-Цаашдынх нь уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт хүсье
-Баярлалаа. Надад даамныхаа талаар бодож байгаа бодол, хүсэл мөрөөдөл их байгаа. Би илүү их томыг зорих тусмаа амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг. Илүү их амжилт гаргахын төлөө хичээх болно. Танай сайт дөнгөж гарч ирэнгүүт хурдан амжилтанд хүрч байгаад баяр хүргэе.
Ярилцсан: Б.Даваахүү. Zindaa.mn.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top