Лондонгийн олимпийн тасалбарыг дамлахыг завджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

Украйны үндэсний олимпийн хорооны ЕНБ-ийн дарга Владимир Геращенко Лондонгийн олимпийн тоглолтын тасалбарыг их хэмжээний бэлэн мөнгөөр худалдаалахыг завдсан хэргийг Английн BBC агентлаг эрэн сурвалжлан илрүүлжээ.

BBC агентлагийн ажилтан Геращенкотой тасалбар дамлагчийн дүрээр уулзсан байна. Анхны уулзалт дээр Геращенко сурвалжлагчид хэлэхдээ “Та тасалбар наймаалдаг хүн учраас миний хувьд тун чухал хүн байна. Бидэнд тань шиг хүмүүс хэрэгтэй” гэжээ. Харин дараагийн уулзалт дээр Украйны албаны хүмүүс, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдэд тасалбар тараах эрхтэй гэдгээ мэдэгдээд “Дээд тал нь 100 тасалбар илүү гарна. Бүгдийг нь үнэ тохирч худалдана” гэжээ. Тэрээр Украйны олимпийн хөдөлгөөнд олон жил зүтгэж байгаа бөгөөд 1997 оноос хойш олимпийн хорооны нарийн бичгийн даргаар тасралтгүй ажиллаж байгаа юм.

Лондонгийн болон Паралимпийн тухай Их Британийн хуулинд энэ наадмын тоглолтын тасалбарыг хууль бусаар худалдаалах нь эрүүгийн гэмт хэрэг гэж заасан бөгөөд хууль зөрчсөн хүнийг 20 мянга хүртэлх паундаар торгож шийтгэхээр хуульчилсан байдаг аж. Европын холбооны гишүүн бус орнуудад оногдсон тасалбарыг зөвхөн тухайн орны иргэдэд борлуулахаар хуульчилжээ.

Украйны олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Сергей Бубка түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлснээ мэдэгджээ. Канадад байгаа Бубка BBC-гийн мэдээллийн талаарх эцсийн дүгнэлт гартал ийнхүү шийдвэрлэснээ Герещенкод утсаар мэдэгдсэн бөгөөд өөрөө Киевт яаралтай ирж уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна гэжээ.

Энэ долоо хоногт Их Британид олимпийн  тоглолтын тасалбар борлуулах албан ёсны хугацаа дуусч байгаа тул хууль бус худалдаа идэвхжинэ хэмээн холбогдох албад болгоомжилж байгаа юм. 

Х.Заяа

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top