Өчигдөр “Их Монголын-Алтан одод-2” хүмүүнлэгийн шоу тоглолт 18 цагаас Бөхийн өргөөнд боллоо. “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Хакухо сан”-гаас хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Богд ар” групп ажилласан юм. Энэ шоу тоглолтоос олсон бүх орлогыг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулах аж. Хоёр хэсгээс бүрдэх сагсан бөмбөгийн шоу тэмцээний эхний хэсэгт манай урлагийн одод, хоёр дахь хэсэгт үндэсний бөх болон сумо бөхийн тамирчид хоорондоо өрсөлдлөө.
Энэ удаагийн шоу тоглолтонд таван сарын Нацу башёд түрүүлээд эх орондоо ирсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням оролцсон юм. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
- Нацу башёд түрүүлсэнд тань баяр хүргэе?
- Баярлалаа. Энэ удаагийн башёд түрүүлсэндээ маш их баяртай байна. Эх орондоо ирээд Монголынхоо ард түмэнтэй баярт мөчөө хуваалцаж байгаа нь бүр ч сайхан байна.
- 20 жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд энэ удаагийн башёд түрүүллээ. Таны хувьд үнэтэй олдсон ялалт байв уу?
- Тийм ээ. Миний хувьд 20 жил барилдаад эзэн хааны цомыг авсан нь асар том амжилт юм. Монголын тамирчдын хувьд 50 дахь түрүүг нь авлаа. Тухайн үед энэ явдал яг л зүүд шиг санагдаж байсан.
- Өнөөдрийн шоу тоглолт өрсөлдөөнтэй маш сайхан болж байна. Өрсөлдөгчид хүчтэй байна уу ?
- Тийм ээ. Өмнөх удаагийн сагсны тэмцээнд оролцож чадаагүй ч энэ удаагийн тэмцээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Сайхан ч тэмцээн болж байна. Үзэгч түмэн биднийг маш сайн дэмжиж байгаа. Өнөөдөр мөн хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрөөсөндөө үнэхээр сэтгэл догдолж байна.
/Энэ мөчид Японы мэргэжлийн сумогийн 50 дахь түрүүг авч эзэн хааны цом хүртсэн Кёкүтэнхо Н.Цэвэгнямын "Passion" багийн тоглох ээлж болсоноор тэрээр биднийг орхин тоглолтын талбайд гарсан юм. /
Энэхүү тэмцээнд оролцсон урлаг спортын алдартнуудын сэтгэгдлээс хүргэж байна.
- Өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээн ид өрсөлдөөнтэй өрнөж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
- “Guys 666” хамтлагийн дуучин Д.Лхагва: Анх удаа энэ тэмцээнд оролцож байгаа болохоор сэтгэл маш өндөр байна. Заал дүүрэн үзэгчид маш гоё, халуун дулаан уур амьсгалтай байгаа нь мэдрэгдлээ. Энэ тэмцээн үнэхээр залуучуудыг спортод уриалан дуудсан сайхан тэмцээн болж байна. Спортоор хичээллэнэ гэдэг бол эрүүл амьдралын эхлэл юм.
- Дуучин BX: Энэ тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ тэмцээнийг эрчүүд хоорондын тэмцэл гэхээсээ илүү нөхөрсөг уулзалт гэж хэлж болох юм даа. Сайхан байна.
-Спортоор хэр их хичээллэдэг вэ?
- Д.Лхагва: Багаасаа хөл бөмбөг тоглож өссөн. Найзуудтайгаа нийлж хөлбөмбөгийн баг бүрдүүлсэн. Боломж л олдвол тоглохыг хичээдэг. Ер нь хөдөлгөөн гэдэг бол эрүүл мэндэд маш хэрэгтэй.
- BX: Багадаа сагс их тоглодог байсан. Сүүлийн үед ажлын онцлогоос шалтгаалаад сагс тоглох маань багассан. Саяын тоглолтоос их төсөөрчихсөнөө мэдлээ.
- Озэки Д.Бямбадорж: Тоглолт их эгзэгтэй өрсөлдөөнтэй болж байна. Сайн тоглохын тулд сайн амарч байгаад тоглоно.
- Даян аварга, МУГТ Г.Өсөхбаяр: Манай үндэсний бөхийнхөн 3 дахь үе дээрээ даагаа нэхээд давуу байдалтай тоглож байна. Цаашдаа оноогоо хадгалаад тоглоно.
- Самбар доороос маш сайн авч тоглодог юм байна?
- Тийм ээ, самбар доороос авахдаа сайн.
- Тэмцээндээ зориулж бэлтгэлээ хэр их хийсэн бэ?
- Манай залуучууд бэлтгэлээ сайн хийсэн.
- Ч.Санжаа (улсын заан): Энэ удаагийн тэмцээн маш сайхан боллоо. Түрүүчийн тоглолтонд манай баг ялагдаж байсан бол энэ удаагийн тоглолтонд манайх яллаа. Сайхан байна.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )