Италийн “АС Милан” клубын дасгалжуулагч, алдарт хөл бөмбөгчин Франко Барезийн нэрэмжит 5000 хүний суудалтай хөл бөмбөгийн спорт цогцолборын шав тавих ёслол өнөөдөр болж байна. Уг цогцолбор 15-р хороололд байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах бөгөөд суурь нь тавигджээ. Монгол хүүхдүүд сүүлийн жилүүдэд хөл бөмбөгийн спортод хорхойсч байгаа. Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар хоёр дахь жилдээ Франко Барези багийнхаа тамирчдын хамт манай улсад зочилж байгаа юм. Тэрээр ирэх долоо хоногийн ням гаригт буцах бөгөөд энэ хугацаанд хөл бөмбөгийн спортоор хичээллэж буй хүүхэд, багачуудад болон дасгалжуулагч багш нарт зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцана.
Өнгөрсөн жил зочлохдоо дөрвөн хүүхдийг шалгаруулан эх орондоо аваачиж “АС Милан” клубын сургалтандаа хамруулж байсан бол энэ жил спортын авъяастай багачуудаас 4-6 хүүхдийг сургалтандаа хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Барези хэлэхдээ “Азиас тэр дундаа Монголоос аваачсан хүүхдүүд өндөр амжилт гаргаж байгаа. Тиймээс энэ жил өөрийн биеэр ирж шалгаруулалтыг явуулахаар болсон юм. Монголчуудын хувьд спортоор дэлхийн тавцанд нэрээ гаргах боломж ойрхон байна. Би монголын бяцхан тамирчдад их найдвар тавьж байгаа. Тиймээс Монголын хүүхэд, залуучуудын дундаас мэргэжлийн тамирчдыг төрүүлэхийн төлөө хийж байгаа ажлаа уламжлал болгох бодолтой байна. Санаагаар болдог бол Монголд илүү удаан баймаар байна. Гэвч бидний ажлын хөтөлбөр шахуу байдаг тул товлосон хугацаандаа буцах хэрэгтэй” гэжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )