Нэг нь л Лондонгийн олимпийг зорино

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Лондонгийн олимп эхлэхэд 2 сарын хугацаа үлдлээ. Сүүлийн жилүүдэд манай баг тамирчид олимпод чамлахааргүй амжилт үзүүлж Бээжингийн олимпоос хоёр ч алтан медаль хүртсэн билээ. 2012 оны Лондонгийн олимпоос медаль авах төрлүүд дотроос жудо бөхийн төрөлд найдлага тавьж байгаа ч жудогийн тамирчдад бэрхшээл үүсээд байгаа юм. Энэ нь нэг жинд нэг л тамирчин явах болсонтой холбоотой. Эрэгтэйчүүдийн 60кг-д Ч.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, 66кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 100кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар жингийнхээ эхний 22-т багтаж олимпод барилдах эрхээ авсан ч тухайн жинд нэг л тамирчин Лондонгийн олимпийг зорих юм. Гэтэл бөхчүүд тухайн жиндээ хүч тэнцүүхэн байгаад Олимпийн хорооныхны толгойгоо гашилгаж сууна. Олимпийн эрх олгох бүс буюу эхний 22-т нэг улсаас хоёр болон түүнээс олон тамирчин багтвал тухайн улсын жудогийн холбоо нь аль тамирчныг оролцуулахаа шийднэ гэж сонгон шалгаруулалтын журамд заажээ. Олон улсын жудо бөхийн холбооноос энэ удаагийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтыг урьд өмнөхөөс өөрөөр явуулсан. 2004 оныг хүртэл олимпийн өмнөх жилийн дэлхийн аваргын тэмцээн, олимпийн жилийн тивийн аваргын медальт болон шагналт байрын бөхчүүдэд олимпийн эрх олгодог байв. Ингэснээр тухайн тэмцээнд л сайн барилдвал олимпод зодоглох эрх өвөртөлж чаддаг байсан юм. Харин Бээжингийн олимпийн сонгон шалгаруулалтыг тив бүрт цуврал тэмцээн явуулж, тэдгээрт оролцсон байдлаар нь эрэмбэлэх аргаар явуулсан билээ.  Энэ нь жинхэнэ шилдгүүдийг шигших зөв арга гэж олон улсын жудогийн холбооны удирдлага үзсэн юм. Урьд нь баримталдаг байсан сонгон шалгаруулалтаар нэг тивээс орох тамирчдын тоо хязгаартай байв. Хэдийгээр ингэж 2 ба түүнээс дээш олноороо 22-т багтсан нь манай тамирчдын чансааг харуулж байгаа ч хүчтэй өрсөлдөгчдийн зөвхөн нэг нь л Лондонгийн олимпийг зорих нь.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top