Өнөөдөр Дээд төрөлтөн үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Дөл “Хасу лиг” үндэсний бөхийн барилдаан түр завсарлах болсон талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
"Энэхүү хэвлэлийн хурлыг хийж байгаа шалтгаан нь манай холбооны удирдах зөвлөл хуралдаад “Хасу лиг”-ийн барилдааныг түр завсарлах болсон тухайгаа мэдэгдэж байна. Гуравдугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаанд 22 тойргийн барилдаан хийх байснаас 12 тойргийн барилдааныг хийсэн байгаа. Үүнээс одоогийн дүнгээр Булган, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Өвөрхангай, Увс аймгийн багууд тэргүүн эгнээнд явж байна гэв.
Бид хоёрдугаар тойргийн барилдааныг аравдугаар сарын эхээр явуулах болно. Үлдсэн есөн тойргийн барилдааныг улс орон даяар өрнөх үйл ажиллагаатай давхцаж байгаа тул завсарлага авч байна гэлээ. Мөн анх удаа өндөр бооцоотой барилдаан зохион явуулж байгаа учраас энэ үйл ажиллагааг улс төртэй холбож магадгүй гэдэг үүднээс түр хойшлууллаа" гэж мэдээллээ.
Уг барилдаанд 21 аймгаас тус бүр нэг мөн нийслэлээс нэг баг оролцож байгаа юм байна. Бөхчүүд 22 багт хуваагдан барилдаж буй. Энэ 22 баг тойргийн журмаар барилдаж дууссаны дараа оноог жагсааж байр эзлүүлэх аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )